Засгийн газар сэтгүүлчдэд илүү нээлттэй байна
2009.05.09

Засгийн газар сэтгүүлчдэд илүү нээлттэй байна

Ерөнхий сайд С.Баяр Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх хуваарийг танилцуулаа.

Ерөнхий сайд үүнийгээ тайлбарлаж хэлэхдээ “Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба дэргэдээ Засгийн газрын тогтоолын дагуу төвийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын захирал, эрхлэгч нар болон яамд, зарим агентлагийн хэвлэлийн төлөөлөгчдийг оролцуулсан орон тооны бус зөвлөх зөвлөл байгуулж анхны уулзалтаа хийсэн. Энэ уулзалт дээр сэтгүүлчид “Засгийн газрыг илүү нээлттэй байлгамаар байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүдээс шаардлагатай үедээ мэдээлэл авах боломж бүрдүүлэхэд анхаарч эхний ээлжинд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар сайд нараас илүү тодорхой мэдээлэл авдаг болоход анхаарна уу?” гэжээ. Үүнийг нь бид ажил хэрэг болгох үүднээс Засгийн газрын гишүүдээс хуралдааны дараа мэдээлэл хийдэг болгох саналыг тавьж байна.
Хэвлэл, мэдээллийнхний энэ саналыг хүлээн авснаар Засгийн газрын авч байгаа арга хэмжээ, гаргаж буй шийдвэрийн талаар хэвлэл, мэдээллийн байгууллага цэгцтэй мэдээлэл, ойлголт шууд шуурхай авах, улмаар тэднээр дамжуулан уншигч, сонсогч, үзэгч олон түмэн ч хоёрдмол утгагүй, үнэн зөв, мэдээлэлтэй болох сайн талтай юм. Нөгөө талаар хамтарсан Засгийн газар гэдэг утгаар нь МАХН, АН-аас нэр дэвшиж томилогдсон нэг нэг сайд тухайн өдрийн хуралдааны шийдвэр, түүнийг гаргах болсон үндэслэл, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, биелэх бодит боломж, аль аль салбарыг хамрах талаар тэнцвэртэй, цогц мэдээлэл өгөх нь олон түмний дотор тухайн шийдвэрийн талаар улс төржсөн буюу цуурхлын шинжтэй яриа гарахаас сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.