Хэзээ, хаана зам хаах вэ?
2009.08.10

Хэзээ, хаана зам хаах вэ?

Энхтайваны өргөн чөлөөн буюу баруунаас зүүн дөрвөн зам хүртэлх зам засварын ажлыг энэ сарын 1-нээс эхлэн хийж эхэлсэн билээ. Засварын ажлыг аравдугаар сарын 8 хүртэл хийх юм. Энэ хугацаанд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх 3.48 км үргэлжилсэн замд давхар хучилтыг шинээр хийж, явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой гээд бүгдийг нь шинэчлэхээр болжээ. Тиймээс дээрх хугацаанд замыг хэсэгчлэн хааж зохицуулах үүргийг хотын мэр холбогдох албаны хүмүүст хариуцуулан, үүний дагуу одоогийн байдлаар Баруун дөрвөн замаас Улсын их дэргүүрийн өмнөх уулзвар хүртэлх төв замыг хаан замын хажуугийн хашлага болон ус зайлуулах хоолой зэргийг засварлаж эхлээд байна. Энэхүү замыг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хаасан бөгөөд 22-ныг дуустал хаах юм байна. Тиймээс энэ хугацаанд иргэд хотын төвөөр явах зайлшгүй хэрэг гарвал төв замын өмнүүр тавигдсан буюу бидний хэлж заншнаар “Хүүхдийн 100” дугаар дэлгүүрийн хойд замаар Циркийн уулзвар хүртэл яваад зүүн гар тийш эргэн төв замаар явах боломжтой аж. Эсвэл Гэсэр сүмээс зүүн тийш явсан болон Баянбүрдээс зүүн тийш явсан замаар явах боломжтой аж.

Энэхүү засөварын хугацаанд төв зам хоёр ч нүхэн гарцтай болох бөгөөд хоёр дахь нүхэн гарцыг “Ионсей“ эмнэлгийн арын замд барихаар төлөвлөжээ. Ирэх есдүгээр сарын эхэн хүртэл үргэлжлэх энэ ажлын гүйцэтгэгч нь “Хотын зам“ компани бөгөөд 29.7 метр урт, 10 метр өргөн нүхэн гарц барих өртөг нь 562 сая төгрөг болж байгаа гэнэ.
Ингэснээр явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж, зорчигчийн хөдөлгөөн автомашины урсгалд саад болохооргүй байх нөхцөлийг бүрдүүлж өгөх юм.
Иргэдийн ажилдаа явж, харихад нь хүндрэл учруулахгүйн үүднээс төв замыг хэсэгчлэн хааж засварын ажлыг дуусган буцаан нээж дахин өөр хэсгийг хаах байдлаар засварын ажилд хийгдэх бөгөөд энэ сарын 26-30-ны өдрүүдэд буюу хичээлийн шинэ жилээс өмнө МУБИС-ийн зүүн талын уулзвараас Монгол бөхийн өргөөний баруун уулзвар хүртэлх замыг мөн хааж засварын ажил хийхээр болжээ.

Тиймээс жолооч нарыг зам шинэчлэх, нүхэн гарц барих хугацаанд Нарны зам, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн гудамжаар зорчиж байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.
Энэ жилийн хувьд жолооч нарын хараалыг бардаг замын тоо багагүй хэмжээгээр буурна гэж ойлгож болох аж. Учир нь Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх зам засварын ажлыг дуусгасны дараа Х дугаар хорооллоос Баруун дөрвөн зам хүртэлх 1.6 километр замыг шинэчлэх ажил эхлэнэ. Дээр нь Долоон буудлаас Дамбадаржаа руу эргэдэг уулзвар, Долоон буудлаас Хайлаастын уулзвар хүртэлх зам засварын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулахаар тендер нь зарласан талаар холбогдох албаныхан нь мэдээлж байна. Хотын замыг засч сайжруулах ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх нөхцөл бололцоог хангах үүднээс завсарын ажил хийгдэж байгаа хугацаанд автомашины хөдөлгөөнийг улсын дугаараар нь зохицуулах боломжтой эсэхийг судлах үүргийг Замын цагдаагийн газарт нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өгчээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.