Үерт өртсөн зам гүүрийг бүрэн засварлахад мөнгө дутжээ
Үерийн улмаас хотын хэмжээнд 14 зам, дөрвөн гүүр эвдэрч гэмтсэн. Эдгээр зам гүүрүүдийг ихэнхийг нь засварлаж хэвийн ажиллагаанд оруулсан боловч дөрвөн цэг дээр хөрөнгө мөнгөний хүндрэлээс болж одоог хүртэл засвар хийгдээгүй байна. Уг нь эвдэрсэн зам гүүрийг засварлахад нэг тэрбум нэг зуун сая төгрөг шаардлагатай. Гэвч Засгийн газар зам гүүрийн засварын ажилд 800 сая төгрөг хуваарилсан нь ийнхүү дөрвөн цэгт засвар хийхэд мөнгө дутжээ. Хотын төв замуудад зам засварын ажил энэ сарын нэгнээс эхэлсэн. Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх 3.48 километр замыг шинээр хучих ажил эхэлсэн бөгөөд ирэх 10 дугаар сарын 10 гэхэд дуусгана. Замын ажлаа хийхийн тулд эхний ээлжинд НЭГДүГЭЭр ЭГНЭЭНИЙ ХөДӨЛГӨөнийг хаасан байгаа. Цаашид хэсэгчлэн хаана. Мөн Баянбүрдийн тойргийг засварлахаар тендер зарлажээ. Энэ тойргийг 10 дугаар сарын дундуур хүлээлгэн өгнө. Йонсей эмнэлгийн нүхэн гарцын бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна. Газар шорооны ажил эхлэхээр тэр орчмын замыг 20-30 хоногоор хаахаар ярилцаж байгаа гэж Авто замын газрын дарга Д.Од танилцууллаа. Гэхдээ энэ ажлыг эхлэхээс өмнө Дамдинсүрэнгийн гудамжны замыг ашиглалтад оруулахгүй бол зам засварын ажил оройтохыг хотын дарга анхааруулсан юм.