Ц.Цэнгэл: Малчин та бүхэн зах зээлд гарах боломж их гарч ирж байна
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл энэ есдүгээр сарын эхээр өөрийн сонгогдсон тойрог Булган аймагт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй хамт ажилласан юм. Энэ үеэр тэд малчидтай уулзаж, тэдний тавьсан асуултад УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл хэрхэн хариулсныг хүргье.
-Мянганы замын нэг хэсэг Улаанбаатар-Дашинчилэн-Уньт-Хөвсгөлийн зам нийслэлээс манай аймгийн Дашинчилэнгийн чиглэлд тавигдсан. Одоо үргэлжлээд мөн манай аймгийн Уньт сум хүрч байгаа. Энэ замыг барих ажил хэр хурдан явж байна вэ. Уг нь, хурдан ашиглалтад орвол Булганы олон сум холбогдох юм?
-Эрдэнэт-Уньт сумын чиглэлийн 141 км замын хөрөнгийн асуудал шийдэгдээд баригдаж байгаа. Уг нь, энэ жил дуусчих ёстой ажил. Гүйцэтгэгч компаниас шалтгаалаад жаахан удааширалтай байх шиг. Зам харахад амар ажил мэт боловч маш хүнд. Доодох хөрсийг нь үхшжүүлэхээс эхлээд хуулах, хайраг, шороогоо бэлтгэх гээд олон хүний хүч хөдөлмөр зарцуулдаг, шатахуун, хөрөнгө шаардагддаг ажил. Тиймээс замын ажил ном ёсоороо явж байгаа. Би Зам, тээврийн сайдаас буухаас өмнө Уньтаас Хөвсгөлийн Тариалан сум хүртэл тавигдах замын зураг төслийг хийлгээд, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ замыг ер нь Кувейт улсын сангийн хөрөнгөөр барьж байгаа юм. Одоо энэ зам маань манай Булган аймгийн Хутаг-Өндөр сум хүрч байна. Та бүхэн зам харгуйтай болж байна. Энэ хэмжээгээр амьдрал ахуй чинь дээрдэнэ гэж бодож байна. Наад зах нь сайхан замтай байхад та бүхэн сүү, цагаан идээ, түүхий эдээ аваад аль зах зээлд очиж борлуулах боломжтой болно шүү дээ.
-Малын гаралтай түүхий эдийн үнэ өсөхөө байснаар малчид бидний амьдрал дордлоо. Одоо ноос бүр үнэгүйдэж айл бүрийн амбаар саванд сагсан ноос нь хөглөрч байна. Арьс, шир, түүхий эдийн үнийг өсгөхөд төр юу хийж байна. Одоо яах вэ?
-Ирэх намрын чуулганаар УИХ-аар Биржийн тухай хуулийг хэлэлцэнэ. Энэ нь хуучин худалдаа, бэлтгэлийн анги гэдэг шиг худалдаа, түүхий эдийн бирж байгуулах асуудлыг хөндөнө. Ингэснээр завсар нь ажиллаад байдаг ченжүүдийг халж, малчид жишээ нь, түүхий эдээ өөрсдөө төвлөрүүлэн шууд борлуулах боломжтой болох юм. Малын тухайд би энэ жил хөрш ОХУ-ын хил залгаа Чита, Буриад, Улаан-Үдээр явж захирагч нартай уулзаж ярилцаж явахдаа мал гаргах талаар тохиролцсон. Тэгэхээр малчид та үбхэн гол нь малаа чанаржуулж, эрүүлжүүлж, гаргахад бэлэн байх ёстой. Жишээ нь, Хутаг-Өндөр сумынхан та бүхэн малаа шууд хойшоогоо гаргах боломжтой.
-УИХ-ын гишүүн бүрт тойрогтоо зарцуул гэж 500 сая төгрөг төсөвлөж гаргасан гэсэн. Энэ юу болсон вэ. Та юунд зарцуулж, тойрогтоо юу хийх гэж байна вэ?
-Гишүүд янз бүрээр зарцуулж байх шиг. Гол нь тойрогтоо зарцуулах учиртай юм. Жишээ нь, Э.Мөнх-Очир гишүүн Булганд ХААИС-ийн салбар байгуулж, ХАА-н мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж байх шиг байна. Миний хувьд аймагтаа Монголын анхдагчдын ордон барих гэж байна. гурван үеийн уулзалтын танхим зэрэгтэй томоохон ордон барих санаатай байгаа. Зураг төслийг нь гаргаад байна. Аймгийн зүгээс сайн анхаарч, аль аль талаасаа зүтгэвэл 1-2 жилд баригдчихна гэж бодож байгаа.