Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 78 жилийн ой мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсад Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 78 жилийн ой бол
он нийтийн аж ахуй үйлчилгээний ажилтны өдрийг тохиолдуулан салбарын нийт хамт олондоо болон хамтран ажилладаг байгууллага, хүмүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Манай нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын түүх, хөгжлийн өнөөгийн цар хүрээ нь тус салбарт ажиллаж ирсэн үе үеийн ажилтан, ажиллагсдын мятрашгүй их хичээл зүтгэл, хүч хөдөлмөрийн үр дүн бөгөөд Монгол Улсын хот суурины хөгжил цэцэглэлтийг түргэтгэх, хүн амын ажиллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээний жигд найдвартай ажиллагааг хангах, байгаль орчныг хамгаалах, улс орны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тус салбарын ажил, үйлчилгээ нэн чухал үүрэг гүйцэтгэдгийг дурдахад таатай байна.
Аймаг, нийслэлийн ус суваг, орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг салбарын ихэнх байгууллагууд хугацаанд нь төлөвлөгдсөн графикийн дагуу амжилттай хэрэгжүүлэн 90 хувийн биелэлттэйгээр салбарын ажилтны өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байна.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарыг зах зээлийн нөхцөл шаардлагад нийцүүлэн бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, салбарын хөгжлийг хүрээлэн байгаа байгаль орчин, хүн амын эрүүл мэндийг хамгаалах цогц бодлоготой уялдуулан хөгжүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар шинэ техник, технологи нэвтрүүлэхэд төр, засгаас олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тус салбарт олон улсын банк санхүүгийн байгууллага, донор орнуудын хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж болон улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар олон төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа нь салбарын үйл ажиллагаанд нааштай шинэчлэлт өөрчлөлт гарч байна.
Зөвхөн 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 138.3 тэрбум төгрөгийн 56 төсөл арга хэмжээг энэ салбарт хэрэгжүүлж байна.
Цаашид ч салбарын ажил, үйлчилгээнд нааштай өөрчлөлт, шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэн салбарыг зах зээлийн горимд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйл ажиллагаа, үр ашиг, ажлын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бидний хамтын ажиллагаа, идэвхи чармайлт чухал үүрэг гүйцэтгэх болно.
Салбарын байгууллагууд, нийт ажиллагсад та бүхнийг 2009-2010 оны өвлийг өнтэй өнгөрүүлж, инженерийн барилга, байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг ханган олон жилийн нөр их хөдөлмөр ,бүтээл шингэсэн нэр хүндтэй, хариуцлагатай ажил үйлсдээ улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна.
Нийтийн аж ахуйн салбарын үе үеийн ахмадууд, нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА