СЕХ-ны дэргэд ажиллах хараат бус Хэвлэл, мэдээллийн зөвлөлийг байгууллаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг баталлаа.
Сонгуулийн Ерөнхий Хороо хуваарийг батлахдаа, нам бүрт, түүнчлэн тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигч бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргав.
Мөн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэд ажиллах хараат бус Хэвлэл, мэдээллийн орон тооны бус Зөвлөлийг байгуулж бүрэлдэхүүнийг нь батлав. Тус зөвлөл нь нэр дэвшигчдийн хэвлэл, мэдээллийн сурталчилгааны тэнцвэрт байдалтай холбоотой иргэд, хуулийн этгээдээс ирүүлж буй өргөдөл, гомдлыг хянан үзэж хуралдаанаараа хэлэлцэн дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Зөвлөлийн даргаар Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн албаны дарга Ц.Чимиддондогийг сонгож баталлаа гэж СЕХ-ны Хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.