“Би нийслэлийн иргэн” 3700 төгрөгийн үнэтэй
Улаанбаатар хотын төрсөн өдөр удахгүй болох гэж буй. Баярын бялуунд өнгө өнгийн 370 лаа шигтгэхээр нийслэлийн удирдлагууд, харьяа газрынхан, нийслэлчүүд ч хэрдээ хичээж буй.
Нийслэлийн Соёл урлагийн газраас нэлээд ажил өрнүүлж байгаагийн нэг нь “Би нийслэлийн иргэн” хэмээх тоглолт. Рок поп болон зохиолын дуучид оролцоно. Өөрөөр хэлбэл, нэг нэртэй ч тэс өөр хоёр тоглолт болох юм.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойд зориулсан “Би нийслэлийн иргэн” шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт энэ сарын 8-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болно.
Тоглолтод ардын жүжигчин Б.Зангад, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Х.Үнэнхүү, Ч.Бат-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, П.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.ХИшигбаяр, Г.Чинболор, Б.Энхмэнд нарын олон уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлээрээ бэлэг барина. Харин дараа нь буюу энэ сарын 15-нд рок попын шилдгүүд уран бүтээлээ толилуулах билээ.
Үе үеийн дуучдыг нэгэн тоглолтоос зэрэг харж, уран бүтээлийг нь сонсох боломж бүхий эдгээр тоглолтын тасалбар тус бүр нь 3700 төгрөгийн үнэтэй. Улаанбаатарынхаа 370 гэсэн тооны бэлгэдлээр ийн үнээ тогтоосон ч энэ нь өнөө үед хамгийн хямд тасалбартай тоглолтын тоонд зүй ёсоор багтах нь гарцаагүй ээ.
Нийслэлчүүдэд баярын уур амьсгал авчрах, төрөлх хотоороо бахархах сэтгэлийг төрүүлэх зорилготой энэхүү Тоглолтын тасалбар нь өвөрмөц “хавчуургайтай”. “SHIRT” дэлгүүрээс 5-50 хувийн хямдралтай үнээр бараа худалдан авах эрх дагалдана зэрэг төрөл бүрийн сюрприз байгаа гэж зохион байгуулагчид нь амлаж байна.