Чингэлтэйн нөхөн сонгуульд анх удаа цахим бүртгэл ашиглана
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуульд анх удаа цахим бүртгэл ашиглахаар боллоо. Сонгуулийн үеэр сонгогчдын нэрсийн жагсаалт гаргах, санал өгсөн эсэхийг нягтлах зэрэг бүхий л үйл ажиллагааг гараар хийгддэг агаад энэ нь тойргийн хороонд ажиллаж буй хүмүүстээ хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд монгол залуусын зохиосон программаар сонгуулийн санал өгөхөөс бусад бүхий л үйл ажиллагааг программчилж, нэгдсэн хяналтад оруулсан цахим бүртгэлийг ашиглах юм.
Энэхүү программыг Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тойргийн нэг хэсгийн хороонд туршиж үзсэн нь амжилттай болсон учир Сонгуулийн ерөнхий хорооноос энэ удаагийн нөхөн сонгуульд ашиглахаар болжээ. Иргэдийн сонгогчийн үнэмлэхийг бар кодоор кодлож, компьютерт уншуулснаар тухайн хүний санал өгсөн цаг хугацаа бүртгэгдэж, дахин санал өгөх бололцоогүйн зэрэгцээ, тухайн хэсгийн хорооны иргэдийн саналын ирц ч мөн дэлгэцэн дээр тухай бүртээ гарч байх юм.