Дахиад л завсарлага.., С.Эрдэнэ тангараг өргөсөнгүй
2009.10.08

Дахиад л завсарлага.., С.Эрдэнэ тангараг өргөсөнгүй

МАХН завсарлага авснаар УИХ-ын өнөөдрийн чуулган хэлэлцэх ёстой ганц ч асуудлаа хэлэлцэж дуусгалгүй хаалаа. Уг нь УИХ-ын Тамгын газар “С.Эрдэнийн тангараг өргөх ёслол, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудал”, “Ашигт малтмалын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал” гэсэн хоёр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Өглөө 11 цаг өнгөрөөгөөд эхэлсэн хуралдаан С.Эрдэнийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны даргын тавьсан илтгэлийг сонсож, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, СЕХ-г “байцаасаар” өдрийг барлаа. Ерөнхийдөө МАХН-ын голдуу гишүүд асуулт асуусан бөгөөд олонхи гишүүд СЕХ хууль зөрчсөн үйлдэл хийж, УИХ дах намуудыг талцуулж, гацаанд оруулж байна хэмээн буруутгасан юм.

МАХН-ын бүлэг С.Эрдэнийг тангараг өргөх асуудлаар гишүүд нэгдсэн ойлголттой болох ёстой. Энэ С.Эрдэнэ гэдэг хүн тангараг өргүүлэхгүй гээд яваад байгаа юм биш, сонгуулийн булхай будилаанаар гардаг муухай зүйл жишиг болох тухай юм гэсэн байр суурьтай байлаа.
Ц.Нямдорж гишүүний “С.Эрдэнэ УИХ-ын гишүүний тангаргаа өргөөгүй байж, суудалдаа ирж суусан нь хууль зөрчсөн үйлдэл үү?” гэж асуухад УИХ-ын Тамгын газрын дарга Б.Шаравдорж “С.Эрдэнэ тэр өдөр тангараг өргөн гэж бодож хуралдааны танхимд орж ирсэн.Тэгэхээр УИХ-д сонгогдсон хүмүүс тангараг өргөхдөө энэ суудал дээр суудаг учир энэ хууль зөрчсөн зүйл биш” гэсэн хариулт өглөө.

СЕХ, МАХН-ын гишүүн хоёрын хооронд "ширүүхэн болсон" асуулт хариултын эцэст МАХН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авахыг хүслээ. УИХ-ын дарга Д. Дэмбэрэл "УИХ хэлэлцэж эхэлсэн асуудлаа шийдэж, шийдвэр гаргаагүй үед өөр асуудал хэлэлцдэггүй. УИХ-ын дарга энэ асуудлыг ойлгоод энэ асуудлыг эхлүүлсэн. би та нарт долоо хоногийн хугацаа өгсөн. Одоо байхгүй. Лүндээжанцан та өнгөрсөн. одоо завсарлага авлаа гэхэд маргааш өглөө 10 цагт хурлаа үргэлжлүүлнэ. Завсарлага нь чуулганы ажиллагааг гацаах, асуудлыг хойш татах хэрэгсэл, арга зам биш” хэмээн уурай алхаа цохилоо. Ингээд МАХН маргааш өглөөний 10 цаг хүртэл завсарлага авлаа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.