2009.10.12

Жил гурван сарын дараа С.Эрдэнийн бүрэн эрх баталгаажлаа

УИХ-ын 25 дугаар тойргоос нэр дэвшин гишүүний түр үнэмлэхээ өвөртлөөд жил гурван сарын нүүр үзэж яваа С.Эрдэнийг тангараг өргүүлэх асуудлаар хоёр намын бүлэг санал зөрөлдөж МАХН-ын бүлэг гурван ч удаа завсарлага авсан.

Баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мөн л С.Эрдэнээг тангараг өргүүлэх асуудал орлоо. МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан намын бүлэг ямар шийдвэр гаргаснаа танилцууллаа "Хоёр намын ажлын хэсэг хоёр ч удаа уулзсан. Гэвч нэгдсэн ойлголтод хүрч чадсангүй. Манай намын бүлэг 25 дугаар тойргийн хорооны гурван хэсэгт дахин санал тоолох санал тавьсан. Үүнийг АН-ын бүлэг зөвшөөрсөнгүй. С.Эрдэнийг тангараг өргүүлэх эсэхээс болж УИХ гацаанд орчихоод байна. Хэлэлцэх олон чухал асуудал байгаа учраас манай намын бүлэг дахин завсарлага авахгүйгээр шийдлээ" гэлээ. МАХН-ын бүлгийн мэдээллийн дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл С.Эрдэнийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч тангараг  өргүүлэх болсныг зарлаж нийслэлийн 25 дугаар тойргоос сонгогдсон Содномзундуйн Эрдэнэ УИХ-ын гишүүний тангараг өргөж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж УИХ-ын 75 дахь гишүүн боллоо.

Ингээд УИХ-ын отгон гишүүн С.Эрдэнийн сэтгэгдлийг сонслоо.

-УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Ажлаа юунаас эхлэх вэ?

-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 24 хууль байгаа. Дээрх хуулийг судалж танилцахаас ажлаа эхэлнэ дээ. Мөн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө нэн яаралтай хэрэгжүүлэх ажил руу орно. Маш их цаг хугацаа алдлаа. Баянгол дүүргийн иргэдийн өмнө олон зүйл амласан. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.

-Парламентын гадна байх хугацаанд шүүмжлэлтэй хандах олон асуудал байсан байх?

-Ер нь, бүх асуудал дээр л шүүмжлэлтэй хандмаар санагдсан. Гишүүд өөрийн байр сууриа илэрхийлэхээс илүүтэй гадны нөлөөлөлд автдаг нь ажиглагдлаа. Тиймээс өөрийн байр сууриа илэрхийлэх нь чухал гэж үзэж байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.