Ирэх онд инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хурлааар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх байсан боловч Засгийн газрын хуралдаантай давхцсан тул үдээс хойш уг асуудлыг хэлэлцэхээр хойшлууллаа.
Харин Монголбанкнаас боловсруулсан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2010 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаархи УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.
Төрийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь ойрын болон дунд хугацаанд инфляцийг нам түвшинд тогтворжуулахад чиглэгдэх юм байна. Энэхүү үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн өсөлтийг сэргээж, тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх талаар Монголбанкны ерөнхийлөгч танилцууллаа.
Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд 2010 онд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгаж, цаашид тогтворжуулах эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулж, эдийн засгийн өсөлтийг сэргээх бодлого баримтлана. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш микро эдийн засгийн суурь нөхцлөөр тодорхойлогдон уян хатан тогтож байх зарчмыг баримталж, дэлхийн санхүүгийн зах зээлийн болон гадаад худалдааны нөхцлийн огцом өөрчлөлтийг төгрөгийн гадаад валюттай харьцах уян хатан ханш, мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан зохицуулж, гадаад валютийн албан нөөцийг хамгаалах юм байна. Мөн гадаад валютын дотоод дахь зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлж, төгрөгийн ханш уян хатан тогтох нөхцлийг сайжруулж, банкны салбарт үүссэн зээлийн тасалдлыг зогсоож, банкны салбараас зээл олгох, зээл авах идэвхийг сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
2009 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд жилийн инфляци 0.6 хувь болж буурсан байна. Инфляци ийнхүү буурсан нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарч харьцангуй тогтворжсон, хүнсний бүтээгдэхүүний үнэ алгуур буурч, эдийн засгийн уналтыг даган өрхийн хэрэглээ нэмэгдэхгүй байгаагаас эрэлтийн шалтгаантай инфляци бий болохгүй байгаагаар тайлбарлагдаж буй юм. Харин 2009 оны сүүлийн хагас жилийн таамаглалаас үзэхэд жилийн инфляци 2009 оны эцэст 2,3-5,2 хувь, харин 2010 оны эцэст 6,2-11,9 хувьд хүрч өсөхөөр байгаа нь тооцоолж буй түвшнээс давж болзошгүй байгаа. Эдийн засгийн өсөлт 2009 оны эцэст 0,8-2,1 хувь, харин 2010 оны эцэст 4,1-8,3 хувийн хооронд байх төлөвтэй байгааг танилцуулгад дурджээ.
Байнгын хороонд танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүд сонирхсон асуултандаа хариулт авсны дараа дээрх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр санал нэгтэй баталлаа.
Үдээс хойш Байнгын хороо үргэлжлэн хуралдаж Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.