Д.Зоригтын нэрийг Ерөнхийлөгчид айлтгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт болсон нөхөн сонгуулийн дүнгийн тухай шийдвэрээ тус тойргийн хорооны удирдлага өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд өргөн мэдүүлэв. Тойргийн хороо нэр дэвшигч бүрийн авсан саналыг хүчинтэй саналын хуудаснаас тооцон, хамгийн олон санал авсан дарааллыг баримталж дүнгээ нэгтгэн гаргажээ.
Тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 71.742 сонгогч бүртгэгдсэнээс 44.563 сонгогч буюу 62.12 хувь нь санал хураалтад оролцсон байна.
Нэр дэвшигч Д.Зоригтын төлөө 26.592 сонгогч буюу 60.37 хувь, Р.Бурмаагийн төлөө 13.027 сонгогч буюу 29.57 хувь, Г.Уянгын төлөө 2010 сонгогч буюу 4.56 хувь, С.Жавхлангийн төлөө 1690 сонгогч буюу 3,84 хувь , Г.Арслангийн төлөө 304 сонгогч буюу 0,69 хувь, Д.Төмөрбаатарын төлөө 159 сонгогч буюу 0,36 хувь, Ш.Төмөрсүхийн төлөө 124 сонгогч буюу 0,28 хувь, Л.Жаргалсайханы төлөө 114 сонгогч буюу 0,26 хувь нь тус тус саналаа өгсөн байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж, тойргийн хорооны энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон Дашдоржийн Зоригтын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэж холбогдох тогтоолыг баталлаа.