С.Эрдэнэ: Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа
НДЕГ-ын дарга асан С.Эрдэнийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн гурваар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан атлаа завшин үрэгдүүлсэн хэмээн буруутган эрүүгийн хэрэгт татсан билээ. Тэрээр энэ сарын 24-нд Баянгол дүүргийн шүүгч Т.Өсөхбаярийн даргалсан шүүх хуралд нэмэлт мэдүүлэг өгөхдөө “Энэ зүйл ангийг огт ойлгохгүй байна. Би аж ахуйн нэгж удирдаж ажиллаж байгаагүй. Харин тангараг өргөсөн төрийн албан хаагч учир ямар ч эд зүйл итгэмжлэн хариуцаж байгаагүй” хэмээж байсан юм. Даваа гаригийн 20 цаг хүртэл хуралдсан шүүх хурал маргааш нь 15 цагт завсарлаж шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахын тулд хэлэлцэхээр боллоо.
Шүүгч Т.Өсөхбаяр, Ц.Оюунчимэг, Д.Уранчимэг нар 15 цагаас эхлэн хэлэлцсээр 21 цаг хүргэсэн юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд шүүх бүрэлдэхүүн тухайн өдрийн 22 цагт багтаан шийдвэрээ гаргах ёстой хэмээн заасан байдаг учир 21.20 цагт ямар шийдвэр гаргаснаа танилцуулав. Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150.3-аар иргэн С.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах шийдвэр гаргалаа. Түүнийг иргэний зочид буудлыг 45 сая төгрөгөөр зарах гэж байхад нь нийгмийн даатгалд өр барагдуулах нэрээр 95 сая төгрөгөөр авч дундаас нь их хэмжээний мөнгө завшсан хэмээн үзсэн байсан. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт байсан Л.Ононгийн “Гэрэл” нэртэй зочид буудлын зарсан мөнгийг эзэн нь хоёр удаа тасалж нийт 60 сая төгрөг авсан нь баримтаар нотлогджээ. Зарсан гэх компаниас 35 сая төгрөг авах авлагатай байгаа нь мөн нотлогдсон гэнэ. Иймд энэ мөнгөнөөс авсан эх үндэслэл нь хууль бус байгаа аж. Мөн тендер зарлалгүй Нийслэлийн Нийгмийн даатгалын газар машин авсан байхад НДЕГ-ыг удирдаж байсан С.Эрдэнийг буруутгах нь хууль зүйн үндэс байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Мөн түүнтэй нийлж их хэмжээний мөнгө завшсан хэмээн буруутгагдаж байсан Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарыг гэм буруутай хэмээн үзэж 5.1-5.6 жилийн ял оноосон ч Өршөөлийн хуулийн 4.1-д багтаж байгаа аж. Сонгуулийн дүнг зассан хэргээр Эрүүгийн хуулийн 131-1-ээр татагдсан М.Лхагвасүрэн, Ч.Чулуунчимэг, Н.Ширэндэв, А.Жаргал, Г.Намхайдорж нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа учир хэрэгсэхгүй болгосон.
Шүүх хуралдаан завсарлахад цагаатсан иргэд баярласандаа нулимс дуслуулж байгаа харагдсан. С.Эрдэнийг дэмжигч 60 гаруй хүн Баянгол дүүргийн шүүхийн гадна байсан юм. Тэд хурлын танхимд багтахгүй байсан бөгөөд ийм шийдвэр гарсанг дуулаад уухай хашгиран “Ийм л байсан юм” хэмээн гар барилцаж байлаа.
С.Эрдэнэ: Би нэр төрөө сэргэлээ гэж бодож байна
Шүүхийн шийдвэр гарсан даруй С.Эрдэнэтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун байна уу?
-Тиймээ, баяртай байна. Монголын шүүх шударга шийдвэр гаргалаа.
-Та олон сар саатуулагдан сэтгэл зүйн хувьд хүнд байдалд байлаа. Та нэр төрөө сэргээлгэх асуудлаар шүүхэд хандах уу?
-Миний нэр төр сэргэсэн гэж би бодож байна. Шүүх бэлхнээ энэ хүн ийм гэмт хэрэг үйлдээгүй юм шүү хэмээн батлаад өглөө.
-Удахгүй нөхөн сонгууль эхэлнэ. Таны хувьд УИХ-ын гишүүний эрхээ сэргээлгэх л үлдлээ?
-Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ. Харин нөхөн сонгуульд Нийслэлийн Ардчилсан нам гол үүрэгтэй ажиллах болно.
-Таньд ажлын амжилт хүсье?
-Үнэн бодит мэдээлэл дамжуулж байсан та бүхэнд ч бас баярлалаа.