Д.Зоригтын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа
Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага өнөөдөр УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн нөхөн сонгуульд олонхийн санал авч, Улсын Их хурлын гишүүнээр сонгогдсон Дашдоржийн Зоригтын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгалаа.
“Нөхөн сонгуулийг зохион байгуулах хуулийн хугацаа давчуу байсан ч, нэрсийн жагсаалт гаргах, сонгогчийн үнэмлэхийг нягтлах, ирц бүртгэх зэрэг ажлуудыг цахим технологи ашиглан хийж чадлаа. Дараагийн ээлжит сонгуулиар энэ технологийг ашиглаж болох юм байна, гэхдээ бид тулд хүнээ бэлдэх шаардлагатай юм байна гэж дүгнэж байна” гэж СЕХ-ны дарга Н.Лувсанжав хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж СЕХ-ны зүгээс анхаарах шаардлагатай зарим зүйлийг санууллаа.
“Юуны өмнө ард түмний сонголтын үр дүн нь тэдний сонгосноор, шударга гарч байх ёстой. Энэ бол СЕХ-ны гол үүрэг. Хоёрдугаарт, та бүхэн сонгуулийн санал хүраалтын явцад цахим технологи нэвтрүүлж эхэлсэн нь маш сайн хэрэг. Гэвч цаашдаа энэ технологи санал хураалт болон саналын хуудас тоолох бүх үйл ажиллагаанд бүрэн нэвтрэх шаардлагатай байна. Өнөөдөр Япон, Америк зэрэг орнуудад санал хураалтын ирц, дүн нь зэрэг гарч байна.
Технологийн ийм дэвшлийг нэвтрүүлэхийн тулд бид бүх талаар дэмжиж туслаад хамтарч ажиллахад бэлэн байна. Гуравдугаарт, сонгуулийн тухай хууль, сонгуулийн байгууллагын тухай хууль болон сонгуулийн санхүүжилтийн тухай хуулиудыг өөрчилж , сайжруулахад анхаарах хэрэгтэй. Бид олон жил сонгуулийн хэлбэр ямар байх вэ гэдгийг тойрч маргаад, процессыг орхигдууллаа.
Одоо харин яаж сонгуулиа сайн зохион байгуулж, санал хураалтаа шударга, цэгцтэй, маргаангүй явуулах вэ гэдэгт анхаарч, дэлхийн шилдэг туршлагыг судалья. Дөрөвдүгээрт, гадаад орнуудад амьдарч байгаа монголчууд сонгуульд оролцож, саналаа өгдөг байх боломжийг хангах хэрэгтэй. Олон жил энэ асуудал хөндөгдсөн боловч, шийдвэр гарсангүй.
Маш олон монголчууд эрхээ эдлэхийг хүсч бидэнд хүсэлтээ ирүүлсээр байгаа гэдгийг дамжуулья. Энэ бүхнийг хамтраад хийхэд бэлэн байна” гэж МУ-ын Ерөнхийлөгч ярилаа.