Б.Соронзонболд, Ц.Сумъяабэйс нарыг цолыг хураахаар боллоо
2009.10.22

Б.Соронзонболд, Ц.Сумъяабэйс нарыг цолыг хураахаар боллоо

Үндэсний их баяр наадмаар 5 давж шөвгөрөн “Өсөх идэр” чимэг хүртсэн Говь-Алтай
 аймгийн Эрдэнэ сумын харъяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын заан Б.Соронзонболд, “Улам нэмэх” чимэг хүртсэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, “Хүч” спорт хорооны бөх, улсын начин Ц.Сумъяабэйс нарын давааг хүчингүй болгон чимгийг нь хураахаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас шийдвэрлэлээ.
БНСУ-ын Сөүл хотын итгэмжлэгдсэн лабораторид хийсэн шинжилгээний дүн, Монгол үндэсний олимпийн хорооны дүгнэлтийг үндэслэн ийм шийд гаргасан байна.

Ингэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь заалт, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрмийн 2.2, 7.4.2, Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмын 5.1, 5.4 дэх заалт, Монголын Үндэсний Олимпийн хорооны 2009 оны 09 дүгээр сарын 229-ний өдрийн 1/113 тоот албан бичгийг үндэс болгожээ.

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баярын хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд дээрх хоёр бөхөд унасан улсын заан Б.Ганбат, улсын харцага Д.Баасандорж нарт чимгийг нөхөн олгох юм.

Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийн цол, чимгийг нь хураасан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрийг нэр бүхий бөхчүүд эсэргүүцэн шүүхэд хандаж заргаа авч байсан тохиолдол бий.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, Монголын Үндэсний олимпийн хорооны дүгнэлтийг үндэслэн гаргадаг шийдвэрийг анхан шатны шүүх хүчингүй болгодог буруу жишгээс цаашид татгалзах нь зүйтэй гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо үзэж байна.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын дараа 22 хүнээс шинжилгээ авч итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхэд улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабээс нар сэргээшийн төрөлд ордог бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм.
Улсын заан Б.Соронзонболд “А” сорьцын шинжилгээ өгч дахин шинжилгээ өгөөгүй бол, улсын начин Ц.Сумъяабээсийн “Б” сорьцын шинжилгээний хариу “А” сорьцынхтойгоо ижил гарчээ гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл, мэдээллийн салбар хорооноос мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.