Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал үргэлжиллээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн энэ оны эхний есөн сарын биелэлтийн талаар Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг үдээс өмнө мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Баярсайхан, Г.Занданшатар, С.Бямбацогт, Д.Балдан-Очир, А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Бадамсүрэн, Д.Хаянхярваа, Ц.Сэдванчиг нар Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авсаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан.
Харин үдээс хойш УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Жекей, Н.Ганбямба, Д.Ганхуяг нарын гишүүд сайдуудаас асуулт асууж хариулт авсан юм.
Д.Тэрбишдагва гишүүн хэлэхдээ, Засгийн газар биелэлтийг үнэхээр гаргаж чадаагүй байна. Өглөөнөөс хойш Засгийн газрын тайлан, танилцуулгыг судалж үзлээ. Өнөөдрийн асуудлыг хэлэлцэх нь мэдээж. Гэхдээ Засгийн газрын тайлангийн биелэлтийг шалгаж үзэх асуудал нэлээд яригдах байх. Нөгөө талаар макро эдийн засгийн чиглэлтэй 10 асуудлын техник, эдийн засгийн үндэслэлийг хэн, хаанаас гаргах вэ, бүгдийг нь гаргаж чадах уу. Ямар хөрөнгөөр хийх вэ гэж байсан.
УИХ-ын гишүүн Х.Жекей хөдөөд малчдын амьдрал хүндхэн байгааг дурдаж, банкны барьцаанд тэд амьдарч буйг ярилаа. Тэрээр гагц хөдөөд ч бус нийслэлд иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт буурч байгаад сэтгэл зовниж байна гэдгээ хэлсэн. Гишүүн Д.Ганхуяг чөлөөт бүсийн асуудлыг хөндсөн.
Энэ мэтчилэн Үндсэн чиглэлийн 2009 оны эхний есөн сарын биелэлтийн талаарх Засгийн газрын тайлангийн тухайд УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэлэхдээ дор бүрнээ сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж байв.
Дараа нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан тус хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан. Үүнтэй холбогдуулж гишүүн А.Тлейхан, Л.Гүндалай, Н.Ганбямба, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд саналаа хэлсэн юм.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан саналаа хэлсэн гишүүд мөн л Засгийн газрын тайлан болон ирэх оны Үндсэн чиглэлийн талаар шүүмжлэлтэй хандаж байсан.
Орой 18 цаг 25 минутын орчим Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй уялдуулан санал хураахад Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн чуулганд суусан нийт гишүүдийн 90.4 хувь нь үзэж, товчлуураа дарсан юм.
Ингээд асуудлыг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан маргааш өглөө 10 цагт эхэлнэ хэмээн УИХ-ын дэд дарга Н.Энхболд хэллээ. Тэрээр өнөөдрийн үдээс өмнөх болон хойшхи хуралдааныг даргалсан юм.