Д.Ганхуяг: Монголын өмнөд хил шүүрэн шанага болжээ
2009.10.21

Д.Ганхуяг: Монголын өмнөд хил шүүрэн шанага болжээ

Д.Ганхуяг тэргүүтэй нэр бүхий гишүүд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан Ерөнхий сайд С.Баярт хандаж асуулга тавьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

-Та бүхний асуулгын гол зорилго нь юу вэ?

-2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордуудын жагсаалтыг баталсан. Эдгээр нэр бүхий 15 ордын Оюутолгойгоос бусдад нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордод л ганцхан хувийн компани хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон. Одоогоор мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуульд Оюутолгойн ордыг ашиглах компанийн 66 хувийг хөрөнгө оруулагч тал эзэмшиж, Монголын төр 34 хувийг худалдан авч, энэ хувьд ногдох хөрөнгө оруулалтаа гаргахаар болоод байгаа. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлийн дагуу Тавантолгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж, ордын нөөцийг тооцон Эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн уг нөөцийн санд бүртгүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Ерөнхий сайдад уг асуулгыг хүргүүлээд байна.

-Тухайлбал,...?

-Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон Тавантолгойн нүүрсний ордод хувь эзэмшиж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж эхэлснээс өнөөг хүртэл төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тодруулсан.

Мөн эдгээр компаниуд тухайн ордод шинээр болон нэмэлт хайгуул хийсэн бол зардлын дүнг асуулгад тусгасан. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 60 дугаар зүйл, уг хуулийг баталсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын тав дугаар зүйлийг үндэслэн уг ордод хийсэн хайгуул, нөөцийг тогтооход тухайн үед улсын төсвөөс гаргасан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг өнөөгийн байдлаар шинэчлэн тогтоосон талаарх мэдээллийг авах гэх мэт долоон асуулга тавьсан.

-Асуулгад улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ордыг ашиглахтай холбогдуулан Засгийн газраас ямар бодлого боловсруулж байгаатай танилцахыг хүсчээ. Энэ талаар тодруулна уу?

-Улсын төсвөөр хайгуул хийсэн эдгээр ордыг ашиглах загвар нь Тавантолгойн нүүрсний орд болох ёстой гэж үзсэн. Түүнчлэн уг ордын нийт талбай, нөөц (коксжсон болон энгийн нүүрс) Засгийн газрын болон хувийн компанийн мэдэлд тус тус хэдий хэмжээтэй байгааг тодруулсан. Мөн хувийн болон орон нутгийн өмчит компаниуд өөрсдийн лиценз эзэмшиж буй талбай, тэр нөөцөөсөө ямар хэмжээний нүүрсийг Хятад руу экспортолж, хэдий хэмжээний орлогыг улсын төсөвт оруулсан зэрэг мэдээллийг сонирхсон.

Энэ ордод хувийн хэвшлийн компанид ашиглалтын лиценз олгосон бол ямар хуулийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан юм бэ гэдгийг лавласан. Уг нь Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордын хувьд, төрийн эзэмшлийн хэмжээг тогтоох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах саналаа УИХ-д мэдүүлэх заалттай. Ер нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордыг ашиглахдаа зээл авч хойч үедээ өрийн дарамт үлдээх бус төрийн зүгээс баялгаа үнэлж санхүүжилт босгодог нь дэлхийн нийтлэг жишиг. Тэгээд ч улсын төсвийн хөрөнгөөр хайж, нөөцийг тогтоосон ордын тухайд түүхий эдийг авах бэлтгэлийг хангасан байгаа. Өөрөөр хэлбэл, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бүрэн боломж манайд бий. Жишээ нь, Тавантолгойн коксжих нүүрсийг хоёр тэрбум тн гэж үзээд ашиглах эрхийн нэг тн-ыг нэг ам.доллар гэж үнэлвэл энэ мөнгөнөөс урьдчилгаа төлбөр авах боломж байгаа гэсэн үг.

-Асуулгын долдугаар зүйл сонирхол татаж байна л даа?

-Манай улсын коксжсон болон энгийн нүүрс хэд хэдэн боомтоор дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур ханшаар зөвхөн өмнөд хөрш рүү экспортлогдсоор байна. Үүнтэй холбогдуулан ганцхан жишээ хэлэхэд, 2008-2009 онд дэлхийн зах зээлд коксжих нүүрс нэг тн нь 100-120 ам.доллар байсан. Харин кокс 240-250 ам.долларын ханштай байв. Тэгтэл манайх энэ дүнгийн гуравны нэг буюу 33 хувиар л урагшаа гаргах жишээтэй. Уг нь эдгээр нүүрсийг эх орондоо боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох нь Монгол Улсын төр, засгийн чухал зорилтын нэг билээ. Нөгөө талаас, түүхий эд хэт хямд үнээр экспортолж байгаагийн шалтгаан нь худалдан авагч зөвхөн Хятад улс байгаатай холбоотой. Энэ тохиолдолд манай экспортлогчид ашигт малтмалын түүхий эдээ хямд үнээр борлуулахын төлөө өрсөлдөхөд хүрээд байна. Иймд ашигт малтмалын бүтээгдэхүүнийг далайн боомтод хүргэх, бусад оронд экспортлохтой холбогдсон тээврийн ложестик, улмаар Төмөр замын тээврийн тухай хуульд заасан төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа эсэх, энэ чиглэлд Засгийн газрын бэлтгэл ажлын явц, байр суурийн талаар сонирхож асуулгадаа оруулсан. Яагаад гэвэл төмөр замын тээвэр бол стратегийн чанартай, үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Тиймээс Төмөр замын тээврийн тухай хуульд энэ асуудлыг буюу төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар тогтоохоор тусгасан.

-Манай улс өмнөд хөрштэй хэдэн боомтоор хиллэдэг бэ?

-Албан бус мэдээгээр 7-8 гэж сонссон. Хамгийн аюултай нь эдгээр боомтоор манайх Хятадын талтай хамтран төмөр зам тавьж, энэ замаар нь Монголын ашигт малтмалыг түүхийгээр нь зөөвөрлөх бэлтгэлийг хангаад байгаа гэсэн. Энэ байдал цаашид үргэлжилбэл, манай орны ашигт малтмалын түүхий эд шүүрэн шанагаар гоожиж байгаатай адил өмнөд хөрш рүү улам хурдацтай урсах нь ээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өмнөд хил шүүрэн шанага болно гэсэн үг. Одоогийн байдлаар урд хөрш рүү нүүрсийг авто тээврээр зөөж буй тэр орчмын байгалийг харахад, нүд халтирмаар болсон байна лээ. Иймээс л бид яах аргагүй асуулга хүргүүлээд байна даа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.