Монголын хөгжмийн урлагийн “Цагаан суварга” болсон Хөдөлмөрийн баатар Нацагийн Жанцанноров, Монгол төрийн сайд Санжийн Довчин, дэлхийд алдраа дуурсгасан хэл шинжлэлийн эрдэмтэн, гавьяат багш Чойживын Лувсанжав, шашны нэрт зүтгэлтэн Дэндэвийн Цэрмаа, Даваанямын Лувсанжамц гавж, Монгол бөхийн хийморь цалгисан начингуудын нэг Довдонгийн Дашжамц гавьяат гээд салбар салбарын алдартнуудыг төрүүлсэн Өлзийт сумын эрдмийн уурхай ерөнхий боловсролын сургууль 45 жилийн дараа шинэ хичээлийн байртай боллоо.
Сургуулийн хамт олон шинэ өргөөнийхөө нээлтийн ёслолыг сумын 90 жилийн ойн баяраар хийсэн юм. Улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 240 хүүхдийн суудалтай шинэ сургуульд нэн шаардлагатай анги танхимын ширээ сандал, сурагчдын "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дотуур байрны хүүхдүүдийн хоолыг бэлтгэхэд зориулсан гал тогооны тоног төхөөрөмжийн асуудлыг УИХ-ын гишүүн С.Чинзориг Боловсрол, шинжлэх ухааны яамтай ярьж шийдүүлсэн нь сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах, хөдөөгийн хүүхдүүд тохилог, таатай орчинд амьдарч суралцахад томоохон хувь нэмэр оруулах юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өлзийт суманд улсын төсвийн 3.0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар спорт заал, бага сургууль, багийн төвийн барилгыг шинээр барьж, Бор хошууны баг хүртэл 10 квт-ын 22 км цахилгаан дамжуулах агаарын шугам татах, сургууль, соёлын төв, цэцэрлэг, Тамгын газар, эмнэлэгт шаардлагатай засвар үйлчилгээг хийх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг томоохон ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Энэ ажил цаашид ч үргэлжлэн сум орон нутгийг хөгжүүлэх, хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд төр засаг, аймаг орон нутгаас ихээхэн анхаарч буй юм.