“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.10.26

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.25) хуралдаан 15 цаг 57 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны төслийн талаар Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллахаар болов. Дараа нь “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Байнгын хорооны дарга энэ талаар танилцуулсан.

Төр, хувийн хэвшлийн түншлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатарыг нэмэх тогтоолын энэхүү төсөлтэй холбогдуулан тодруулга хийх, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн. Ингээд санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжснээр Байнгын хорооны тогтоол батлагдав.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийг зүйл бүрээр нь хэлэлцээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан үргэлжилж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Ч.Ундрам, О.Цогтгэрэл нар ажиллажээ. Ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцсан байна.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаад валютын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр тодорхой саналуудыг тогтоолын төсөлд тусгах чиглэлийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг өгчээ. Энэ чиглэлийн дагуу дэд ажлын хэсгийн бэлтгэсэн саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт 2023 оны эхний улиралд багтаан шилжүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээл авах, санхүүжих ажиллагааг зах зээлийн зарчим, төлбөрийн чадварт нь тулгуурлан шийдвэрлэж байх тухай санал гаргасныг ажлын хэсгийн гишүүдийн олонх дэмжээгүй болохыг танилцуулгад дурдсан юм.

Ажлын хэсгийн танилцуулга, Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авав. Төлбөрийн тэнцлийг хангах чиглэлээр Төв банкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх гишүүний асуултад ажлын хэсэг хариулт өгсөн. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хүрээнд Монголбанкны зүгээс төлбөрийн тэнцлийг хангах чиглэлд ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал хэмээн тайлбарласан.

Гэхдээ төсөлд гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх хүрээнд экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд тээвэр, хилийн хязгаарлалтыг шийдвэрлэх чиглэлд худалдааны түнш орнуудтай олон давтамжтайгаар хамтран ойлголцож, шийдвэрлэх гарцыг тодорхойлох, мөн гадаад орчны тодорхой бус байдалтай холбоотойгоор гадаад төлбөрийн чадварыг сайжруулах, гадаад санхүүжилтийн орох урсгалыг нэмэгдүүлэхэд тууштай анхаарах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан болохоо тайлбарлалаа.

Түүнчлэн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 2023 онд дотоод эрэлтийг тэлэхгүй байхад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх; эдийн засгийн мөчлөгийн далайцыг бууруулах чиглэлд төсвийн оновчтой дүрмийг тогтоон дагаж мөрдөх; экспортыг төрөлжүүлэх, импортыг орлох, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхдээ зөвхөн дотоод эх үүсвэрээр бус гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эрчимжүүлэх; эдийн засгийн төрөлжилтийг дэмжихийн тулд уул уурхайн бус экспортлогчдын бизнесийн орчныг сайжруулах; гадаад, дотоод гэнэтийн, болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд төсөв, мөнгө, санхүүгийн бодлогын хурдан хариу үйлдэл үзүүлэх тогтолцоог хөгжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.

Гадаад худалдаа, тээвэр, логистикт үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд, бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд таван арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өгсөн. Тодруулбал, олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх чиглэлд боомтуудын хүчин чадал, дэд бүтцийг сайжруулах; ачаа тээврийн улсын хилээр орох, гарах урсгалыг нэмэгдүүлэх, аль нэг талд контейнерийн бөөгнөрөл үүсгэхгүй байх үр дүнтэй зохицуулалт хийх; тээврийн маршрутыг нэмэгдүүлэх боломжит сувгуудыг судалж, шаардлагатай тохиолдолд ашиглах; гэнэтийн нийлүүлэлтийн саатал үүсэх эрсдэлүүдийг судалж, шаардлагатай төлөвлөгөөг боловсруулах; Монгол Улс олон улсын худалдааны бодлоготой уялдсан тээвэр, логистикийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ирэх хоёр жилд Монгол Улс хэд хэдэн гадаад бондын төлбөр төлнө гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хариултынхаа үеэр тэмдэглээд “Гадаад валютын албан нөөц 2.6 тэрбум ам.доллар буюу импортын 3-4 сарын хэрэгцээг хангах хэмжээнд байгаа. Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний арван сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 2023 онд бондын төлбөрт нийтдээ 1.3 тэрбум ам.доллар хийхээр байгаа учир нөөц бүрдүүлэх шаардлага бий” гэдэг мэдээллийг өгсөн. Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал болон манай улсын нөхцөл байдлаас үзэхэд Монгол Улс олон улсын нээлттэй зах зээл дээрээс 10-аас доош хувийн хүүтэй бонд босгох боломжгүй гэж тооцож байгаагаа хэлсэн. Харин нүүрсний экспорт хэвийн үргэлжилж, төлөвлөсөн орлогоо олж чадвал дээрх төлбөрийг дарамт багатайгаар төлөх боломж бий гэв.

Ам.долларын эсрэг төгрөгийн ханшийн нөхцөл байдлын талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч тайлбар хийлээ. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар суларсан байгаа юм байна. Энэ цаг үед АНУ-ын Төв банкны бодлогын хүү түүхэндээ хамгийн хурдтайгаар нэмэгдэж байгаа бөгөөд оны эцсээр 4.5 руу хүргэх төлөвтэй байгаа. Үүнээс үүдэн Япон, Солонгос, Европын холбоо тэргүүтэй улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг суларч байгаа аж. Төгрөгийн ханшийн хэлбэлзэл ч зайлшгүй бөгөөд бусад улс орнуудын мөнгөн тэмдэгтийн ханштай харьцуулбал арай бага суларч байгаа хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулт өгсний дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn