“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ
2023.01.11

“Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ыг орон нутагт хөгжүүлэх асуудлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 11-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх тухай асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан,
Өмнөговь аймаг дахь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Технологийн дээд сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг шийдвэрлэх, Өмнөговь аймаг дахь багш, оюутны байрны бүтээн байгуулалт, Дархан уул аймгийн их дээд сургууль, политехник коллежуудыг ногоон хотхон болгох ажлыг эрчимжүүлэх, Дархан-Уул, Ховд аймаг дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын техник эдийн засгийн үндэслэл, ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, Их, дээд сургууль, шинжлэх ухааны болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад Улсын төсөв, Засгийн газар хоорондын гэрээ, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах, захиалагчийн болон техникийн хяналтыг хэрэгжүүлэх ажлыг салбартаа зохион байгуулах боломжийг судлан танилцуулж шийдвэрлүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийслэл, орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг Хөшигийн хөндий, Дархан, Эрдэнэт, Ховд, Дорнод, Өмнөговь аймгуудад “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-оор төлөвлөн хөгжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сургалт, судалгаа, технологи үйлдвэрлэлийн орчинг бий болгон дэлхийн түвшний боловсон хүчнийг эх орондоо бэлтгэхээр зорин ажиллаж байна.