С.Ганбаатар: Эдийн засаг хүнд үед газрын хуулиар оролдож болохгүй
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.05.26

С.Ганбаатар: Эдийн засаг хүнд үед газрын хуулиар оролдож болохгүй

Газрын тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байна. Энэ хууль нь эдийн засгийн хямралаас гаргах шийдэл гэж улстөрчид онцолж байгаа бол зарим нь богино настай хууль болно гэж шүүмжлэх ажээ.

Энэ хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Та Газрын тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин ч иргэдэд ашигтай төсөл юм биш үү?

-Мэргэжлийн хүмүүсийн судалгаа, дүгнэлтийг их тусгасан гэж байгаа боловч үнэндээ маш бага авчээ. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаад, их мөнгө хийгээд, сонгуулийн амлалтаа биелүүлж хүмүүст таалагдах гэсэн байж магадгүй. Гэхдээ энэ газар дээр бидний үр хүүхэд мянга, мянган жил амьдарна. Энд ирээдүйгээ бодсон хамгаалалтын бодлого хэрэгтэй. Өнөөдөр төрөөгүй байгаа монголчуудын тухай энэ хууль гарах ёстой.

Нөгөө талаасааа Монгол Улсын төрөөс газрын талаар баримтлах бодлогоо тодорхойлсон баримт бичгийг гаргаагүйн хар гайгаар газрын тухай хууль гэсэн зохимжгүй нэртэй хууль зохиоход хүрч байна. Газар өөрөө байгалийн жам ёсоор үүсч бий болсон, түүнийг хувьчлах ямар учир утгатай вэ.  Ядахдаа Газрын харилцааны ерөнхий хууль гэж нэрлээд дагалдан гарах хуулиудын баримтлах зарчим, зохицуулах харилцааны үндсийг тодорхойлох шаардлага байна. Хамгийн наад захын шаардлага ч хангахгүй байна.

-Та энэ төслийг богино настай байх нь гэж дүгнэжээ, янз нь?

-Хэд, хэдэн үндэслэл хэлье. Нэгдүгээрт, Газрын тухай хууль гэдэг Үндсэн хуулийн дараа ордог хамгийн том язгуур хууль. Монгол Улсын тусгаар тогтнол хүчтэй байхын тулд газрын асуудал мэдээж чухал. Манайд 1992 он хүртэл газрыг хуульдаа өмчлөх тухай нэг ч заагаагүй. Иргэн хүн  өмчлөх тухай нэг ч ярьж байгаагүй гэсэн үг. Төр, улс нь дандаа өөрөө эзэмшдэг байсан. Харин одоогийн Газрын тухай хуулийг их гоёор ярьж байгаа.

Эдийн засгийг эргэлтэд оруулъя, хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлье гэнэ шүү.  1992 онд яг энэ маягаар хувьчлалыг ярьж хийсэн. Төрийн өмчийг хувьчилж, эдийн засгийн эргэлтэд оруулж, хувьд өгье, иргэн бүрийг өмчтэй болгож хувь хүнийг эрх чөлөөтэй болгоё гэж байсан. Ягаан, цэнхэр тасалбар гээчийг хүртэл гаргаж ирсэн шүү дээ.  Төрийн өмч, том үйлдвэрүүдийг хувьчилсны дараа сайн ажиллаж байгаа нэг үйлдвэрийг заагаад өг гэвэл өнөөдөр алга.

Хувь хүмүүс өмчтэй байна гэдэг хоорондоо өрсөлдөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд үүн дээр тоглолт хийж эхэлдэг.

Хувь хүмүүс өмчтэй байна гэдэг хоорондоо өрсөлдөх болно. Үндэстэн дамнасан корпорациуд үүн дээр тоглолт хийж эхэлдэг.

Ер нь төртэй ярихаас илүү хувь хүнтэй ярих нь хавьгүй дээр. Хамгийн гунигтай зүйл юу байна гэвэл Монгол орон даяар өмчлөлийн асуудлыг хувийн өмч гэхээсээ өмнө нийтийн, хамтын өмчлөл гэдгийг мянга мянган жил ярьж байсан. Тухайлбал, хот айл гэж байсан. Хошуу нутгаараа, сумаараа орон нутгаа хамтын өмчлөлөөр ашигладаг байсан. Хамтын гэрээгээр ашигладаг байв. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой зүйл хэлье. Саяхан АНУ-ын Нобелийн эрдэмтэд мэдэгдэл хийсэн.

Тэр нь юу гэхээр ХХ зууны эдийн засгийн хамгийн том алдаа бол хувийн өмчийг хэт шүтэж, хамтын өмчлөл, хамтын хариуцлага гэдэг хамтын сэтгэхүйг бид устгаснаараа аюултай байдалд орлоо гэж. Тэд газрыг хэлж байгаа хэрэг шүү дээ. Хоёрдугаарт, сангийн аж ахуйнуудыг хувьчилсан. Эдгээр газрыг комбайнчид, тариаланчдад өгөх хэрэгтэй. Ингэснээр эдгээр хүмүүс өмчтөй, эрх чөлөөтэй болно гэж байсан. Гэтэл тавхан жилийн дотор хэдхэн гэр бүл Сэлэнгэ болон газар тариалангийн нутгуудыг хянаж эхэлсэн. Өнөөдөр нөгөө тариаланч, комбайнчид бүгдээрээ хамжлаг болжээ. Ашиглуулах гэдэг үгийг оруулж ирсэн хэрнээ барьцаална гэж үг оруулсан нь өмчлөлийн элементийг ашиглуулах дотор оруулж байгаагаараа энэ хуулийн хамгийн зальтай хэсэг болсон юм.

-Иргэнд барьцаалах эрхийг нь олгоно гэдэг аюултай гэсэн үг үү?

-Өвөлжөө, хаваржаагаа хүүхдийн оюутны төлбөрт барьцаанд тавина гэсэн үг. Хэдэн жилийн дараа хэдхэн гэр бүл Монголын нийт бэлчээрийн газар нутаг, өвөлжөө, хаваржааг эзэмшиж байх аюултай байдал үүсэх вий. Хамгаалах, өвлүүлэх гэдэг бодлого энэ хуульд маш бага байна. Энэ бол аюул. Зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед монголчууд хариуц­лагатай байх ёстой.

Яагаад гэвэл жирийн иргэн хүн газраа өмчлөөд аваад явах суурь бэлтгэл хангагдаагүй. Сэтгэл зүй, арга зүй бүрдээгүй байхад тэр хүмүүст газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, барьцаанд тавих эрхийг нь өгч байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний цаана байгаа мөнгөтэй гадны бүлэглэлүүдэд дамжуулж өгч байгаатай адил. Үүнд болгоомжтой хандах ёстой.

-Газрын тухай хуулийн төслийг батлахаас өмнө тодорхой бодлого, баримт бичиг гаргах ёстой гэж үү. Эхлээд газрын тухай бодлогын баримт бичигтэй болох нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Ашигт малтмалын тухай хууль гарсан. Үүнээс болж ард түмэн маш их хохирсон гэж болно. Газрын баялаг, эрдэнэсээ үндэстэн дамнасан корпорациудад өгсөн. Үүнийг хийхэд Дэлхийн банк валютын сангийн хортой зөвлөгөө маш их нөлөөлсөн юм. Ашигт малтмалын тухай хууль ер нь ямар ч хууль гаргаад хэрэгжихгүй байгаа нь ерөөсөө Ашигт малтмалын бодлогын баримт бичиг гаргаагүйтэй холбоотой байсан.

Үүнд тулгуурлан холбоотой баримт бичгийг сая гаргасан. Түүндээ уялдуулж Ашигт малтмалын тухай хуульдаа өөрчлөлт оруулахаар одоо ажиллаж байна. Үүнтэй адил Газрын тухай хуульд газрын бодлогын тухай баримт бичгээ эхэлж гаргаач ээ.

Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа гарсан.

Монгол газар нутгаа хамгаалах, өвлүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах гэдэг байдлаар явах юм уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Газрыг хамгаалах гэдэг дотор дархан цаазтай газар, тусгай хамгаалалтын газар ордог. Энэ бол монголчууд газар нутгаа хамгаалж байсан бодлого.

Дархан цаазтай газар гэдэг дээр үеэсээ хамгаалалтын бодлого байсан юм. Үүн дээр нэмээд газрыг ашиглахдаа үржил шимийг нь хамгаалах бодлого дутагдалтай явж байгаа. Монголын газар нутгийн 70 хувь нь цөлжсөн гэсэн судалгаа гарсан. Тэднийг хамгаалах, үржил шимийг нь хайрлах тэр бодлого энэ хуульд алга. Энэ нь тун аюултай зүйл юм шүү. Энэ бүгдээс харахад юуны өмнө бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

-Тэгвэл хамгийн ноцтой алдаа нь юу байна?

-Олон зүйлийг дурдаж болно. Тухайлбал, Төслийн 5.3.2 дахь заалтад байгаа Үндэсний хорооны дүрмийг Засгийн газар батална гэснийг УИХ батална гэж өөрчлөх хэрэгтэй. Мөн Газрын үндэсний хорооны дарга нь УИХ-ын дарга байх бөгөөд нарийн бичгийн дарга, гишүүдийг УИХ томилно гэж нэмэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ төслийн 48.1.1-ийн аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх нь 50.1.1-ийн сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхтэй давхацсан байгаа. Аймаг, нийслэлд өөрийн гэсэн газар байхгүй, газаргүй байж газрын ажлыг зохицуулах эрх мэдлийг Засаг дарга нарт нь олгож зөрчил үүсгэж байгаа юм.

Ер нь энэ хуулийн заалтуудыг харахад засаглалын хувьд маш буруу үед гарч байна. Сангийн яамнаас бусад нь бүгд газартай холбоотой яамд байгаа. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын яам агаарт биш газар дээр л байшингаа барина. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бас газар дээрх байгаль орчныг хамгаална. Батлан хамгаалахын яам газар дээр байгаа цэргийн ангиудын асуудлыг ярина. Гадаад харилцааны яам Элчин сайдуудын газрын асуудлыг давхар шийддэг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам гэвэл бэлчээрийн газар гээд явна.

Энэ мэтчилэн бүх яаманд газрын асуудал байгаа тохиодолд газрыг нэгдсэн бодлогоор удирддаг газрын яамыг ядаж бодлогоороо байгуулах ёстой. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яамны нэг жижиг газар, хэлтэс л бий. Тэр хэлтэс нь бодлого боловсруулахгүй зөвхөн хэрэгжүүлдэг. Яам болж байж бодлого боловсруулна. Ер нь газрын нэгдсэн  бодлого дутагдаж байна. Газрыг  хүчтэй бодлогоор удирдах ёстой. Бодлогогүй атлаа хууль л яриад байх юм. Энэ бол маш буруу.

-Тэгэхээр энэ төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна уу, та?

-Хууль батлах талаар яриад хэрэггүй. Хамгийн оновчгүй цаг үе байна шүү дээ.

-Хэзээ ярилцах ёстой гэж?

-Аль ч орон эдийн засаг хямарч, хүндэрч байгаа үед Ашигт малтмалын тухай хуулиараа оролддоггүй юм. Татварын тухай хуулиараа ч оролддоггүй. Газрын тухай хуулийг бүр ч ярьж болдоггүй юм. Хямарч байгаа хүнд үедээ Үндсэн хуульдаа гар дүрнэ гэдэг бол муутгахын шинж. Тухайлбал, хүн өрөнд орсон үедээ өөрийхөө бизнесийн талаар бизнесээ зарах талаар ярина гэдэг бол тэр хүн мухардалд орж бизнесээ хямдхан зарна гэсэн санаа.

Бизнесийн тухай нэг хууль бий. Аливаа том бизнесийг авахдаа эхлээд өрөнд оруулах ажил байдаг. Өртэй байх үедээ бизнесээ худалдах тухай ярьж болдоггүй юмаа гэсэн бичигдээгүй хууль ч бий. Гэхдээ ихэнхдээ энэ хуулийг зөрчдөг. Бид хямралтай байгаа үедээ тусгаар тогтнолтой холбоотой хэцүү асуудлууд дээр маш болгоомжтой хандах ёстой. Миний байр суурь ийм байна.

-Хуулийн төслийн гол онцлог нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах гэж онцолж байгаа?

-Газрыг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах тухай л энэ хууль орж ирж байгаа. Газрын кадастрын тухай хууль, газрын менежментийн талаар, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглуулах тухай, хамгаалах, өвлүүлэх тухай энэ асуудал нь тусгай хуулиар явна гээд хаячихаад яваад байна. Тэгвэл үгүй юм. Эхлээд энэ бүхнийг бодлогоор зохицуулсан Газрын тухай малгай хуулиа эхэлж гаргаж байж дараа нь дагавар хууль руугаа орох ёстой.

-Бэлчээрийн газрыг хувьчлах асуудал ч хөндөгдөж байна. Энэ нь эргээд газрын наймаа цэцэглүүлэх сөрөг үр дагавартай гэх юм?

-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь бэлчээрийн талаар ноцтой заалт оруулж ирчихээд түүнийгээ татаж авсан. Гэхдээ энэ хэсэгт бэлчээрийг ашиглуулах, эзэмшүүлэх гэж орсон байсан. Харин хэнд эзэмшүүлэх, ашиглуулах бэ гэсэн чинь малчдын хоршоолол гэж байгаа юм. Малчдын хоршоолол гэдэг зүйл манай хуульд байхгүй. Бэлтгэл ажил хангагдаагүй байхад эзэмшүүлэх, ашиглуулах хүчтэй заалт орж ирсэн.

Ер нь ашиглуулах, эзэмшүүлэхэд барьцаалах эрхийг огт өгч болохгүй. Тэртэй, тэргүй бүгд биш ч дүүргийн газрын алба, аймгийн газрын албаны даргатай луйвардаж газрыг авсан л байдаг шүү дээ. Үүнийгээ л баталгаажуулах нь гэж би харж байна. Өнөөдөр Газрын хуулийг ийм байдлаар өөрчилснөөр маш ноцтой үр дагавар үүснэ. Энэ хууль өөрөө хүмүүсийн амьжиргааг баталгаажуулах ёстой.

Харин иргэдийн амьжиргааг таслах уул уурхай, үндэстэн дамнасан корпорациудад зориулсан хууль байж яав ч болохгүй. Тэдний гар хөл болж эдийн засгийн хямралыг далимдуулан энэ хуулийг оруулж ирж байгаа бүлэглэлүүдийг би хараад гайхдаг. Энэ бүхнийг ажлын хэсэг дээр ний нуугүй хэлчихээд элдвээр гоочлуулж явна даа.