Д.Ганхуяг: Л.Пүрэвдорж алдагдлаа нөхсөн 150-200 тэрбумаа ард түмний халааснаас авсан
Уул уурайн сайд Д.Ганхуяг
2012.02.07

Д.Ганхуяг: Л.Пүрэвдорж алдагдлаа нөхсөн 150-200 тэрбумаа ард түмний халааснаас авсан

Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан өчигдөр хуралдсан.  Энэ хуралдаанд Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, ажлын хэсгийн ахлагч, гишүүн Д.Ганхуяг нарын хооронд маргаан өрнөснөөр хуралдаан өндөрлөсөн юм. Л.Пүрэвдоржийн хувьд дүгнэлттэй санал нийлэхгүй буйгаа илэрхийлэн “Энэ бол тоглоом хийгээд байх асуудал биш. Би Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлыг бүх талаас шалгаж үнэн мөнийг тогтоохыг хүссэн. Энд гаргасан дүгнэлт нь УИХ-аас гаргасан мөнгөний бодлогоос эрс зөрөөтэй байна. Өнөөдрийг хүртэл Монголбанкыг буруутгасан байдлаар явж байна” хэмээн бухимдлаа гаргав. Уг хуралдааны дараа Д.Ганхуяг гишүүнтэй уулзлаа.

-Ажлын хэсгийн хуралдаан нэлээд ширүүхэн болох шиг боллоо. Та “Энэ Монголбанкны Л.Пүрэвдоржийн хэлсэн үгийг сайн тэмдэглэж аваарай” гээд л гарч явлаа. Л.Пүрэвдорж Ерөнхийлөгч харин таныг асуудалд хувийн эрх ашгаар хандаж байна” гэж буруутгаж байгаагаа ч хэллээ?

-Надад ямар юмных нь хувийн эрх ашиг гэж байх вэ дээ. Яах вэ, 2010 оны балансийн алдагдлыг Эдийн засгийн байнгын хороонд танилцуулсан юм. Тэр алдагдлыг төгрөгийн ханшийн хэлбэлзүүлэх байдлаар битгий шийдээрэй гэсэн протоколтой албан бичгийг Л.Пүрэвдорж гуайд гаргаж өгч явуулсан юм. Ингээд он  гараад нэгдүгээр сарын 6-аас валютын ханш огцом нэмэгдэж, үүнийг нь дагуулж нефть импортлогчид бензинийхээ үнийг нэмээд иргэдийн амьжиргаанд хориод хувийн ачаалал нэмэгдсэн нь бодит үнэн.

Цалин орлого нь сарынхаа зарлагад хүрдэггүй ядуус өрхүүдийг дахиад 20 хувийн зардлаар дарамтлан хохироолоо.

Үүнд Монголбанк, цаашилбал нефт импортлогчид, мөн Эрдэс баялаг  эрчим хүчний яам буруутай, хууль зөрчсөн байна гэсэн Ажлын хэсгийн санал дүгнэлтийг би зохиогоод тавьчихаагүй. Долларын ханшийг өндөр байлгаж байгаад зөрүүнээс нь алдагдлаа нөхчихсөн нь үнэн. Шатахууны үнэ нэмэгдсэн, нэмсэн шалтгаан нь долларын ханш өссөнөөс болсон нь 2.8 сая Монголчуудын нүдэн дээр болсон.

-“Таныг валютын санг хоослох гэж байна” гэж Л.Пүрэвдоржийн шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч байна?

-Валютын санг юуны төлөө хадгалж байх ёстой юм гээд бодоод үзэхэд уг нь ойлгомжтой. Тэр хуримтлал Л.Пүрэвдорж гэдэг хүний нэр хүндийг хамгаалах гэж байгаад байх ёстой юм уу, эсвэл төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад тодорхой хувь зориулагдах ёстой юмуу, олон түмний амьжиргааг тогтвортой байлгахад зарцуулахгүй юм бол хэнд хэрэгтэй юм. МАН-ын бүлгээс энэ талаар гарсан О.Чулуунбат гишүүнээр гарсан ажлын хэсэг ч ийм л дүгнэлт гаргасан байгаа. Монголбанк 2010 оны балансын алдагдлаа нөхөх болон 2011 онд алдагдал багатай гарахын тулд дотоод зах зээл дээр 2011 оны наймдугаар сараас өсч эхэлсэн  долларын эрэлтэд зохих түвшний зохицуулалт хийгээгүйгээс оны сүүл болон 2012 оны нэгдүгээр сарын эхээр валютын ханш огцом өссөн.

Монголбанк нь ашгийн төлөө бус, улмаар үндэсний валютын ханшны тогтвортой байдлыг хангаж нийт иргэдийн сайхан амьдралын төлөө ажиллах үндсэн зорилготой байгууллага.

Тэрнээс бүх эдийн засгийн асуудлыг ганцаараа хариуцдаг байгууллага биш. Төв банкны хуульд ч ингэж заасан байгаа.  Гэтэл УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос төгрөгийн ханшийг хэлбэлзүүлэх байдлаар алдагдлаа нөхөж болохгүй талаар албан бичгээр чиглэл өгсөөр байтал энэ шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Хэрвээ цаг тухайд нь валютын захын үйл ажиллагаанд оролцож байсан бол  долларын ханшийг огцом хөөрөгдүүлэхгүй байсан. Тухайлбал зах зээл дэх валютын эрэлт,нийлүүлэлтийн зохистой харилцааг бүрдүүлэх зохицуулалтыг тухай бүрт нь хийгээгүйгээс төгрөгийн ханшны тогтвортой байдал алдагдсан байна. Гэхдээ Монголбанк 2011 оны 11-12 дугаар сард төгрөгийн ханшийг тогтворжуулахын зорилгоор интервенц хийжээ. Гэвч энэ нь зах зээлийг хангалттай  тайвшруулж, төгрөгийн ханшийг уналтыг зогсоож чадаагүй. Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч Бодлогын хүүгээр олсон гадаад валютын нөөцөөсөө бараг 15 хувиар нь энэ интервенц хийсэн байх.

-Монголбанкны удирдлагаас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна шүү дээ.

-Хууль бус зүйл хийж байгаа хүмүүс Монголын төрд хэрэггүй шүү дээ. Төрд байгаа хүн хуулийн гадуур гишгэх юм бол хариуцлага хүлээх ёстой. Хувь хүнийх нь хувьд асуудал тавьсан юм биш. Саяын ажлын хэсгийн хурал дээр УИХ-ын олон гишүүн сууж байсан бол хашир загнуулаад л сууж байх байсан. Өмнө нь өөрөө улстөрч байсан хүн. Тэгээд өөрийнх нь намын нэг хүн сууж, би ганцаараа сууж байсан болохоор ингэж үгээр дайрч байгаа юм. Өнгөрсөн гуравдахь өдөр Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр юу ч  дуугарахгүй л сууж байсан байх аа. Үйлдвэрчний эвлэл, байнгын хорооны гишүүд, мэргэжилтнүүд гээд том эдийн засагчид ирчихсэн болохоор ичсэн байх. Би хувьдаа бол социализмийн үеийн эдийн засагч биш. Санхүү эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан мэдэж байх ёстой зүйлийг мэдэхгүй байж болохгүй байх.

-Л.Пүрэвдоржийн гуайн “Өөрийнхөө хувийн бизнесийг дэмжихийн тулд асуудалд хандаж байна. Та ард түмнийг хохироох санаатай байна” гэдэг үгэнд нь хариулаач?

-Өөрөөс нь асуухгүй юу. Би Монголбанкнаас зээл авах боломжгүй. Хэрэв Пүрэвдорж гуай иргэн, хувийн хэвшлийн компанид мөнгө зээлүүлж ирсэн бол хууль зөрчсөнөө өөрөө илчилж байна гэж хэлэх байна. Нөгөө талаас манай өрхүүдийн өргөн хэрэглээний барааны 54.7 хувь нь импортынх байгаа. Саяын валютын  бодлогоос болоод бас л энэ барааны үнэ нэмэгдчихсэн байгаа. Энэ ажлын хэсгийн дүгнэлтийг ажлын хэсгийн гишүүд олонхиороо, түүнчлэн Байнгын хорооны гишүүд олонхиороо хэлэлцэж шийднэ. Олонхи нь дэмжихгүй бол тэр л биз. Засгийн газар иргэдийг хохироогоогүй, манай МАН-ын тавьсан Монголбанкны ерөнхийлөгчийн зөв, мөн салбарын сайдын тушаалаар байгуулагдсан комисс шатахуун импортлогчидтой үгсэн хувилдаж үнэ нэмсэн нь зөв гэвэл тэр л биз.

Харж л байна.

Би ажлын хэсгийн материал бүрдүүлэхдээ өөрийнх нь ирүүлсэн материал, бусад төрийн байгууллагуудын ирүүлсэн материалуудыг бичсэн. Өөрөө нэгдүгээр сарын 9-нд Ардчилсан намын бүлэг дээр “алдагдлаа нөхсөн” гэж хариулсан. Эдийн засгийн байнгын хороон дээр ч “алдагдлаа нөхсөн” гэж хэлж байсан. Төгрөгийн ханшийг хөдөлгөж байгаад долларын ханшинд зөрүү гаргаж, түүгээрээ алдагдлаа нөхсөн байхгүй юу. Ийм юм ярьж байгаад би тайлбар өгөөд байх шаардлага байхгүй. Тэр протоколууд нь бэлэн болсон байна лээ.

-“Ард түмнийг хохироох санаа” гэдэг дээр нь?

-Өнөөдөр ард түмэн хохирчихсон байгаа биз дээ. Нэгдүгээрт УИХ нь ард түмний нүдэн дээр шийдвэрээ гаргадаг. Бид хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Ганц гишүүн ард түмэнд хохирол учруулах боломж нь байхгүй. Харин хохироочихсон хүнд “хариуцлага тооц” гээд үг оруулсны төлөө ийм зүйл ярьж болохгүй. “Монгол банкны удирдлагатай, Эрдэс баялаг , эрчим эрчим хүчний салбарын сайдтай хариуцлага тооц” гэх хоёр өгүүлбэр бий. Тэр л асуудал үүсгэж байхгүй юу. Л.Пүрэвдорж гуайн хувьд ойлгомжтой, алдагдлаа нөхөхийн тулд150- 200 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас туучихсан. Харин Д.Зоригт сайд дээр яагаад ийм зүйл гарсан бэ гэхээр, хувийн хэвшил төр хоёрыг хоёулхнаа уулзаад үнэ ярьж байдаг тийм зөвлөл байгуулсанд байгаа юм. Түүнийгээ дэд сайдаар ахлуулсан. Ингээд тэд нар нь яриад “үнээ нэмэх үү, нэмье” гээд Өрсөлдөөний хуулийн үнэтэй холбогдуулж үгсэн хуйвалдаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн юм. Би үүнийг зохиогоогүй ШӨХТГ тогтоосон. Ерөнхий сайд ч 10 тэрбум төгрөгөөр торгоно, тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авна барина гээ биз дээ. Одоо яачихваа, тэгээд. Ажлын хэсэг тэр дүгнэлтийг нь гаргачихаар, хариуцлага тооцох санал гаргачихаар зугтаж давхиад байж болохгүй биз дээ.

-Ярианы сэдвээ өөрчилье. Тавантолгойн 39-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай хоёр намын бүлэг дээр үл ойлголцол үүсээд байна даа. Энэ юу болоод байна?

-Хамтарсан засгийн мөрийн хөтөлбөр батлагдчихсан биз дээ. Мөнгө байхгүй бол хэрэгжүүлэх боломжгүй. Хэрэгжүүлэх боломжтойг нь 2012 оны төсвөөр батлаад өгчихсөн. Одоо сонгуулийн тухай хууль гарчихаад байхад иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор элдэв амлалтын хууль батлах гээд байж болохгүй биз дээ. Өнөөдрийн батлагдсан хуулийн хүрээнд ярих уу, эсвэл одоо өөрчлөх гээд байгаа хуулийн төслийн хүрээнд ярих уу гээд асуудал байна. Өнөөдөр батлагдсан хуулийн хүрээнд гэвэл, иргэн сая төгрөгөө сонгох уу, эсвэл хувьцаа сонгох уу гэдэг л байна. 334 мянган хүнд олгох мөнгийг нь суулгаад өгчихсөн байгаа.  Тавантолгойн 39-р тогтоол 2010-оны долдугаар сарын 8-нд гарсан. Өнөөдөр хэдэн он билээ, энэ хугацаанд хэрэгжээгүй л байна. Түүнээс биш УИХ-аар хэлэлцэж шийдээгүй  байгаа 39-р тогтоолд оруулах өөрчлөлтийг ярихаар бантан шиг зүйл болох гээд байна. Хэлэлцүүлэгт ороод ямар шийдвэр гарахыг нь тааж мэдэхгүй байна.

-“Ардчилсан нам засгаас гарсан юм чинь хувьцааг нь будаа болгоод өгье гэж ярьж байгаа нөхдүүд байна” гэж МАН-ын нөхдүүд ярьсан гэсэн. Үнэхээр ийм зүйл болоод байгаа юм болов уу?

-Угаасаа 1.5 сая.төгрөгийг бэлнээр өгөх мөнгө байхгүй. Нэг сая таванзуун мянгын чинь 500 мянгыг нь долдугаар сар хүртэл өгч дуусна, үлдсэнийг нь хувьцаа хэлбэрээр олгохоор 2012 оны төсвийн тухай хууль болон УИХ-ын тогтоолоор баталчихсан шүү дээ. Гүйцэтгэх засаглал буюу хууль хэрэгжүүлэгч Засгийн газар гэдэг чинь үүнийгээ л хэрэгжүүлэх үүрэгтэй биз дээ. Гэтэл одоо дахиад нэг хууль батлаад тэгээд төсвөө задлахаар юу болох вэ.

-Монгол банкны ерөнхийлөгч “УИХ-ын дарга мэдэж байгаа. Чи юу юм бэ” гэж байсан...

-УИХ-ын шийдвэрийг дарга нь мэддэг бол ажлын хэсэг гэж байгаад хэрэггүй. Ер нь  парламент ч хэрэггүй. Энэ хоёр нэг нутгийн хүмүүс гэдэг байхаа. Нөгөө талаас хятад улсад ашигт малтмал хямд экспортолдог компаниуд юань оруулж ирж оны сүүлчээр валютын ханшин дээр тоглосон гэж ярих юм. Цаашид үүнийг ч шалгах хэрэгтэй байх.

-Засгийн газарт зарим эрх олгох тухай хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг буцаах шийдвэрт хүрсэн, Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр. Харин МАН-ын бүлгийнхэн өнөөдөр “ийм практик байсан” гээд, 2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад УИХ-аас тогтоол гаргаад “Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүл” гэдэг үүрэг өгч тухайн 2006 оны 10-12 дугаар сарын санхүүжилтийг нь урагш нь гүйлгээд зохицуулаад явж байсан жишээг хэлж байна...

-Өмнө нь тийм байдлаар явж байсан бол хууль зөрчсөн байна. Бодвол цөөнхийн хяналт сул байх үед хийсэн зүйл. Үндсэн хуульд “төсвийг орлого, зарлагатай нь батална. Зориулалт нь тодорхой байна” гэх заалт бий. УИХ-ын болоод Төсвийн тухай хуулиудад ч мөн ийм заалт бий. Тэрнээс биш 172 тэрбум төгрөгийн зарлага гаргая гэчихээд юунаас орж ирэхийг нь заахгүй байж болохгүй байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.