Н.Эрдэнэчулуун: Бид төмрийн хүдрийг олборлоод шууд экспортлоод байх ямар ч хүсэл алга
“Эрдэс Холдинг” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Н.Эрдэнэчулуунтай төмөрлөг үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
-Төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхийн тулд засгийн газраас төмрийн салбарыг дэмжиж, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх талаас нь хамтран ажиллах нь чухал гэж та хэлсэн. Чухам яаж юун дээр хамтрах вэ?
Төр эхлээд төмрийн салбарын бодлогоо тодорхой болгох хэрэгтэй байна. Төмрийн салбар өөрөө хүнд үйлдвэрийн салбарт ордог. Гэтэл өнөөдөр төмрийн асуудал зөвхөн ашигт малтмалын хүрээнд яригдаж, уул уурхайн яаманд харъяалагдаж байх жишээтэй. Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг нь ч гэсэн аваад үзэхээр төмрийн бүтээгдэхүүний тухай зөвхөн Ашигт малтмалын тухай хуулинд л “ашигт малтмалын нөөц ашигласны татвар”-ыг хэрхэн авах уу гэдэг л ганц үг байдаг. Өөр төмрийн талаар ямар нэгэн зохицуулалт өнөөдөр байхгүй байгаа.
Тэгэхээр төр нь өөрөө эхлээд хүнд үйлдвэрийн салбараа хэрхэн яаж, ямар бодлоготойгоор хөгжүүлэх үү, үүн дотроо хар төмөрлөг дээр ямар бодлоготой байх вэ гэсэн нэгдсэн бодлогоо тодорхойлж, энэ бодлогынхоо хүрээнд энэ салбарт ажиллаж байгаа байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв.
-Бодлого байгаа учраас Дарханыг аж үйлдвэрийн цогцолбор байдлаар хөгжүүлэхээр судалж байгаа биш гэж үү?
Өнөөдөр УИХ-ын нэг гишүүн нь өөрийнхөө тойрогт хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлнэ гээд л хүн цуглуулж хурал хийгээ л, эсвэл нэг сайд нь аж үйлдэрийн парк дотор хар төмөрлөг нь байна гээд л, нөгөө сайд нь
Төмөрлөгийн үйлдвэр /Хятад/
байхгүй гээ л, эсвэл одоо сонгуульд өрсөлдөөд явж байгаа нэг нь төмрийн хүдрийг экспортын татвартай болгоно гээд л ямар ч нэгдсэн тогтвортой бодлого байхгүй, хар төмөрлөгийг хөгжүүлнэ гээд байгаа юм уу үгүй гээд байгаа юм уу, ямар ч ойлгомжгүй байдалтай байгаад байна.
-Төмөрлөг үйлдвэрлэгчидтэй яам, засгийн газар их харилцаа холбоотой ажиллаж, санаа бодлыг нь сонсч байгаа гэсэн. Тэр бүгдийг бодлого шийдвэртээ тусгаад явж чадаж байгаа болов уу?
Төмөрлөг үйлдвэрлэгчид Засгийн газартай уулзаад төсөл, тооцоогоо танилцуулахад төмөрлөгийн салбарын нэр томъёноос эхлээд бүрэн ойлгож авч чаддаггүй. Төрийн албан хаагчидтай уулзахад тэдэнд заримдаа хичээл заах шаардалгатай болдог. Та жишээ нь хялбарчлаад төмрийн салбар гэж асуулт тавиад байгаа биз дээ.
Уг нь бол хар төмөрлөгийн салбар гэж ярих нь зөв. Энэ чинь төмрийг шорооноос нь эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхэл бүтэн үйлдвэрлэлийн салбарын тухай яригдаж байна ш дээ. Манайд төмрийн хүдэр нь байна, сайн кокс нь байна, шохойн чулуу нь байна. Яагаад төмөр хайлж, арматур, рейлс төмрийг жишээ нь бид өөрсдөө үйлдвэрлэж болохгүй гэж. Үүний тулд хөтөлбөр бодлого боловсруулаад зүтгэх л хэрэгтэй байна.
Яагаад заавал бодлого хэрэгтэй гэж яриад байна гэхээр шорооноос нь эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Энэ хөрөнгө оруулалт нь төрийн хувьд бол их биш, харин манай үндэсний бид хэдэд их мөнгө. Мөн гишүүн нь, сайд нь тус тусдаа өөр өөр юм ярьж явмааргүй байна, эсвэл засаг солигдохоор Засгийн газар нь “яах вээ байз” гэж толгойгоо гашилгаж цаг алдаж суумааргүй байна. Гэтэл хятадад гангийн “хувийн” үйлдвэртэй хичнээн нөхдүүд байдаг гээ ч, маш олон. Төр нь дэмжсэн, хөнгөлттэй зээл өгсөн учраас л тэд өнөөдөр дэлхийн ган үйлдвэрлэгч бүх улсуудын нийлбэр дүнтэй тэнцэх хэмжээний ган үйлдвэрлэгч болсон байна.
-Төмрийн хүдэр үйлдвэрлэгчдэд төмөрлөг үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ямар нөөц боломж байна вэ. Юу хийж чадах вэ
-Үндэсний үйлдвэрлэгчдийн өмнөөс л энэ асуултанд хариулъя. Учир нь, гадны хөрөнгө оруулалттай мундаг компанууд бол бүгдийг нь хийж чадна, тэдэнд бүх нөөц бололцоо байна. Зөвхөн хууль эрх зүйн орчин нь тодорхой, тогтвортой байх л юм бол тэд бидэнтэй бидэнгүй ган хайлах үйлдвэр манайд бариад л эхлэнэ.
Харин бид төмрийн хүдрийг олборлоод шууд экспортлоод байх ямар ч хүсэл алга. Яагаад гэвэл аль болох ахисан шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусам борлуулах үнэ ханш нь ч илүү, борлуулалтын зардал бэрхшээл нь хүртэл багасана.
Гэвч бид арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй, богино хунацаатай зээлийг хугацаанд нь төлөхөөс өөр арга байхгүй. Жаахан сул мөнгө гарвал дараагийн хөрөнгө оруулалтаа хийж бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэх, үйлдвэрийн өртгөө бууруулахыг л бодно. Энэ маягаараа бол бид сайндаа л хайлах үйлдвэрийн сайн чанарын түүхий эдийг л бид бэлдэж өгч чадна.
Энэ нь 60 хувиас дээш агуулгатай баяжмал, эсвэл хорголж л гэсэн үг. Хайлах үйлдвэрийг барина, байгуулна гэвэл бидэнд зайлшгүй хамтрагч хэрэгтэй болно. Энэ нь төр байх юмуу, гадны хөрөнгө оруулагч байх юм уу, эдний аль нэг нь эсвэл хоёулаа ч хамт байж болно.
-Боловсруулах үйлдвэр барихад та бүхний оролцоо их чухал. Нэг уурхайд боловсруулах үйлдвэр барихад 20 тэрбум төгрөг шаардлагатай гэж Төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо үзэж байгаа. Засгийн газраас ч зээл авах сонирхолтой байгаа. Энэ тал дээр юу гэж бодож байна вэ.
20 тэрбум төгрөгийн боловсруулах үйлдвэр гэдэг нойтон аргын баяжуулах үйлдвэр, эсвэл хорголжингийн үйлдвэрийн тухай л яригдаж байгаа хэрэг. Бид нэг уурхай дээр буюу өөрсдийн уурхай тус бүр дээрээ ийм хөрөнгө оруулалтыг хийснээс нойтон аргын баяжуулах үйлдвэрийг уурхай бүр дээр, харин хорголжингийн үйлдвэрийг дундаа ганцыг барих нь зөв гэж шийдэж Засгийн газарт хандсан юм.
-Хэрвээ зээл өгвөл хэдий хугацаанд ямар бүтээгдэхүүн гаргаж, дараагийн түвшинд ахих боломжтой вэ
Өнөөдрийн Засгийн газарт хандаад байгаа төслийн хүрээнд бол нэг жилийн дотор л бүтээгдэхүүнээ гаргаад зээлээ эргүүлэн төлөөд эхлэх боломжтой. Харин дараагийн шатны үйлдвэрлэлд хүрэхийн тулд энэ оноос эхлэн ТЭЗҮ, ажлын зураг зэргийг эхлүүлбэл 2014 онд хайлах үйлдвэрийн суурийг тавьж болно. Тэгээд хайлах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2-3 жилд дуусгах боломжтой.
-Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжлийг хурдлуулахад яах хэрэгтэй вэ.
Төрөөс баталсан тогтвортой, тодорхой – бодлого, бодлого бас дахин бодлого л хэрэгтэй. Бодлого тодорхой байгаа цагт санхүүжилтын схем аяндаа тодроод ирнэ.