Швейцарь, Хонконгийн банкуудад хадгалагдаж байгаа бохир мөнгийг эргүүлэн авна
Авлигаар мөнгө олж, түүнийгээ гадаадын банкуудад байршуулан ажин түжин суудаг цаг өнгөрч байгаа бололтой. Учир юун гэвээс Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав Швейцарь, Хонконг улсуудаар явж энэ асуудлаар тохиролцоонд хүрчээ.
Уг хэлэлцээрийн хүрээнд УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц дансны талаар ил тод тайлан авах асуудлыг ч орхигдуулсангүй.
Монгол Улсын Ерөнхий прокурорын зүгээс эдгээр улсуудын прокурорын байгууллагуудтай уулзаж, монголын ард түмний мөнгийг халаасалсан авлигачдын нууц дансыг илрүүлэн шалгах талаар тохиролцож чаджээ.
Ингэснээр авлигачдын халаасанд орсон татвар төлөгчдийн мөнгө, лиценз зарж хөлжигсдийн бохир мөнгө Монгол улсад эргэн ирэх үүд хаалгыг нээж байгаа юм. Үүнтэй ижил жишээ манай хойд хөршид ч тохиолдоод байгаа. Оросын олигархиуд буруу замаар олсон мөнгөө Киприйн банкуудад хадгалуулсан учраас умард хөршийн төр, хууль хяналтын байгууллагуудаас тус улсад шахалт үзүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл бид тохиролцоонд хүрч чадсанаараа хойд хөршөөсөө алхам түрүүлэв бололтой.