Х.Мөнгөн: Дотоодын хэрэгцээг бүрэн хангах гангийн үйлдвэр барихад дэмжлэг хэрэгтэй
“Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баяжуулагч инженер Х.Мөнгөн
2013.06.28

Х.Мөнгөн: Дотоодын хэрэгцээг бүрэн хангах гангийн үйлдвэр барихад дэмжлэг хэрэгтэй

 “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баяжуулагч инженер Х.Мөнгөнтэй товчхон ярилцсанаа хүргэе.

-Компаниа танилцуулна уу?

-Манай компани нь 2004-2007 онд Баянголын ордын геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг хийж ордын нөөцийг тогтоон,  2007 оноос төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалтын ажлууд эхэлсэн. Одоогийн байдлаар хуурай аргаар баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна. Бид ойрын хугацаанд нойтон баяжуулах үйлдвэрээ барьж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Ер нь уул уурхайн баяжуулалтын үйлдвэрлэл явуулахын тулд дэд бүтцийн асуудал маш чухал үүрэгтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Тийм шүү. Манай компаний хувьд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай ЭКО тээвэр болох 98 км төмөр замыг байгуулж, ашиглаж байна. Мөн цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдэж, одоогийн байдлаар 2х25 мегавайтын өндөр хүчдэлийн шугамыг татаж байна. Тус шугам бүрэн ашиглалтад орсноор Сэлэнгэ аймгийн зүүн бүсийн сумдууд найдвартай цахилгаан хангамжтай болж байна.  

Манай компани нь  1100 гаруй ажилтан ажиллаж байна. 1 ажилтны маань гэр бүлд 4-5 гишүүнтэй гэж тооцвол 4000-5000 иргэдийн амьдралын санхүүгийн эх үүсвэрийг бий болгосон томоохон аж ахуй нэгж юм. Компаний дараагийн бүтээн байгуулалт болох Нойтон баяжуулах үйлдвэрийг байгуулснаар чадварлаг олон иргэдийн тогтвортой ажлын байрыг бий болгон, нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр бид ажиллаж байна.

-Танай компани төмрийн хүдэр олборлогчдоос Монголдоо хамгийн томоохонд ордог. Бусад жижиг уурхайнууд одоо нойтон баяжуулах үйлдвэр барихаар зорьж байна. Танайх тэдэнтэй ямар байдлаар хамтарч ажиллах боломжтой вэ?

Монгол улсад төмрийн хүдрийн олборлолт, баяжуулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнхи компаниуд нэгдэн “Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн Холбоо”-г байгуулан хамтран ажиллаж байна. Мөн Холбооны гишүүн 10 компаниуд хамтран “Монгол Ган Нэгдэл” ХХК-ийг байгуулсан. 

Холбооны үйл ажиллагааны дагуу монголын төмрийн хүдрийн

"Болд төмөр ерөө гол" ХХК-ийн Баянголын уурхай

боловсруулалт, хар металлургийн салбарын хөгжлийн чиглэлээр олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мөн Холбооноос шат дараатай хэрэгжүүлж буй гишүүн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах аялал хийж, туршлага судалж, сургалт-хурлуудыг зохион байгуулан гишүүн байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаад баяртай байна.

-Төмөрлөг үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэрхэн төсөөлж байна вэ?

Ер нь улс эх орны хөгжлийн гол түлхүүр нь төмөр гэж үздэг. Төмрийг тодорхой шат хүртэл боловсруулаад эдийн засгийн эрэлттэйбайдлаар ашиглана. Эхлээд нойтон баяжмал гаргаад дараа нь хорголжин үйлдвэрлэх, цаашлаад дунд түвшний гангийн үйлдвэр барих зорилттойгоор бид шат дараатайгаар ажиллаж байна. Энэ чиглэлийн урьдчилсан судалгааны ажил хийгдээд явж байна.

Бидний хувьд дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахуйц гангийн үйлдвэрийг байгуулахад төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байгаа.

-Төмрийн хүдрийн боловсруулалтад ямар асуудал тулгамдаж байна вэ?

Outotec, Trio, Eriez гэх  мэт компаниуд нь баяжуулалтын дэвшилтэт техник технологийг монгол улсад нутагшуулахаар хамтран ажиллаж байна. Зөвхөн хямдхан хятадын технологи гэхээсээ илүү гуравдагч орны эдийн засгийн боломжийн таатай нөхлөөр санал болгож буй технологийг ашиглах нь эрдэс баялгийн боловсруулалтыг сайжруулах, компаний эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх боломжтой.

-Усны асуудлаа хэрхэн шийдэж байгаа вэ?

Хангайн бүсийн нутгийн хувьд нойтон баяжуулах үйлдвэрийг байгуулахад говийн бүс нутагтай харьцуулахад хүндрэл бага  хэдий ч усыг эргүүлэн дахин ашиглах технологийг маш сайн судалж үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх нь чухал юм.

Төвийн эрчим хүчинд холбогдсон аж ахуй нэгжийн хувьд 1 квт цахилгааныг 100 төгрөгийн зардалтайгаар ашиглаж байхад, дизель генератор цахилгааны эх үүсвэртэй үйлдвэрийн хувьд 1 квт цахилгааны зардал нь 400-500 төгрөг түүнээс өндөр зардал гарах юм. Баяжуулах үйлдвэрийн ус, цахилгааны эх үүсвэрээс шалтгаалан  бүтээгдэхүүний өөрийн өртгийн дүн өндөрсөж, аж ахуй нэгжүүдэд хүндрэлүүд үүсдэг. Иймд цахилгаан эрчим хүчний төр засгийн нэгдсэн бодлого, дэмжлэгээр шийдлийг олж аж ахуй нэгжүүдээ дэмжээсэй гэж боддог.