С.Эрдэнэ: Намайг бол болно, Баянголчуудыг маань битгий доромжлоосой
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.03.31

С.Эрдэнэ: Намайг бол болно, Баянголчуудыг маань битгий доромжлоосой

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сайд, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой таагүй мэдээлэл хэвлэлээр цацагдах боллоо. Үүнд албан ёсны тайлбар хэлэхгүй юу. Яг юу болоод байгаа юм бэ?

- Зохион байгуулалттай, миний нэр хүнд, ажил үйлсийг харлуулах гэсэн гүтгэлгийн шинж чанартай мэдээ, мэдээллүүд цацагдаад байна. Мэдээлэл гэж хэлэхэд бас хэцүү. Гарч байгаа зүйлийг хүн уншаад, сонирхчихмоор зүйл огт байхгүй. Юу өгүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй ийм гүтгэлэг он дөнгөж гараад л эхэлсэн. Нэлээд зорилготойгоор намайг гүтгэж байна.

-Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэх болж?

-Би энэ тухай хангалттай тайлбар хийсэн дээ. Сонгуулийн урьд орой сонгогчдод хандаад хэрвээ биднийг дугуйлмааргүй байвал  орхичихоорой гэдгийг хүртэл хэлсэн. Ер нь Эрдэнийн гэр бүл, хамаатан байлаа гээд тэд Монгол Улсын иргэн мөн.  Монгол Улсын иргэний үндсэн суурь эрхүүдийн нэг нь сонгох, сонгогдох байдаг. Тэр хүмүүс сонгох. сонгогдох эрхээ эдлэхийн тулд нэр дэвшсэн. Сонгогдсон. Одоо Баянгол дүүргийн ИТХ-д надтай хамааралтай гэвэл дөрвөн хүн бий. Дөрвөн хүнээс нэг нь л  дүүргийнхээ  захиргаанд ажиллаж байна.

Бусад нь өөрсдийнхөө ажлыг хийгээд л явж байна. Баянгол дүүргийн төрийн албанд орж цалин пүнлүү аваад байгаа зүйлгүй. Энэ мэдээллүүдийг цацахдаа надад хамаатуулахыг ихэд оролдсон байна билээ. 21 гэсэн тоог гаргачхаад түүнийгээ гүйцээх гэж ядсан байна.

Би Баянгол дүүргийн АН-ын дарга. Дүүргийнхээ ИТХ-ын 41 суудалд хэнийгээ нэр дэвшүүлэх нь миний үүрэг болоод эрх шүү дээ. Аливаа намын дарга бол сонгуульд ялбал тухайн дүүргийнхээ Засаг дарга бүр томоор яривал Ерөнхий сайд болдог. Ялагдвал хариуцлага хүлээдэг ийм л дүрэмтэй. Дүүргийн намын даргын хувьд ИТХ-д ороод итгэл +найдвар дааж ажиллаж чадна гэж үзсэн 41 хүнийг нэр дэвшүүлсэн.  Би хэнийг дэвшүүлэхээ бодно ш дээ.

Ард нь хариуцлага хүлээдэг учраас. Үүний 30 нь сонгогдож үнэмлэхүй олонхын суудал авсан. Ингээд дүүргийн ажил албан тушаалын томилгоог хийхдээ ах дүү хамаатан садны талыг хараагүй. Намын харьяалалтай хүмүүсийг томилсон. Хэн нэгнийг сонгууль, улс төрөөр далимдуулж халаагүй. Хэн ч шүүхдээгүй нь үүнийг нотолно. Байдал ийм байхад Эрдэнийг НДЕГ-ын дарга байхад хамт ажиллаж байсан, туслах жолооч байсан гэж цоллох хэрэггүй. Тэр хүмүүс бүгд л сонгогдож гарч ирсэн.

Ер нь Ерөнхий сайд сонгогдлоо гэхэд өөрийнхөө таньж мэддэг, хамт ажиллаж байсан хүмүүсээр багаа бүрдүүлнэ биз дээ. Ийм байхад Эрдэнэ Баянгол дүүргийг хувьчлаад авчихлаа гэх шаардлагагүй. Миний дараа хэн нэгэн Баянгол дүүрэгт намаа ялуулж багаа бүрдүүлэхэд тэр хүн бас л өмчилсөн болж хувирах уу. Авч болохгүй, хаяж болохгүй ийм заваан яриа яваад байна.

-Таныг сонгуулийн дүнд нөлөөлж, гэр бүлийнхээ бүх гишүүдийг ИТХ-д оруулсан гэж хардаад байгаа юм биш үү?

-Монгол Улс өөрөө сонгуулийн хороотой. Аймаг дүүрэг, нийслэл, суманд сонгуулийн хэсгийн хороо ажиллаж байгаа. Би үүнд нөлөөлье гээд ч чадахгүй. Надад тийм эрх ч байхгүй. Би дээр хэлсэн, 41 хүнийг нэр дэвшүүлэх эрх надад байгаа гэж. Энэ хүмүүсийг Эрдэнийн хүн гэж бичээд байх юм. Би дүүргийн намын дарга юм чинь тэд миний хүмүүс байхгүй яах юм. Өөр хэн байх ёстой юм. Нэр дэвшүүлэх эрхээ эдэлснийхээ төлөө яагаад сонгуулийн машинд нөлөөлсөн болж хувирдаг юм.

Баянгол дүүрэгт ажил хийх өртэй, сэтгэлтэй. Хөгжөөсэй, нийслэлийн жишиг дүүрэг байгаасай гэж хүсдэг

Сонгуулийн машиныг мэдэхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Миний хувьд Баянгол дүүрэгт ажил хийх өртэй, сэтгэлтэй. Хөгжөөсэй, нийслэлийн жишиг дүүрэг байгаасай гэж хүсдэг. Миний мөрөөдөл гэсэн үг. Түүнээс хувьчилж  авчхаад дохио, зангаагаараа хөдөлгөөд байгаа юм байхгүй ээ. Манай дүүрэгт 200 гаруй мянган хүн амьдарч байгаа. Ийм олон хүнийг дохиод хөдөлгөдөг ид шидтэн Монголд байхгүй. Бүгд өөрийн гэсэн ухаантай. Тэгэхээр намайг доромжилж болно. Баянголчуудыг маань бага доромжлоосой. Миний дохиогоор хөдөлдөг гэж бичиж байгаа нь Баянгол дүүргийн 200 орчим мянган хүнийг өөрийн гэсэн толгойгүй гэж доромжилж байгаа хэрэг биз дээ.

-Баянгол дүүргийн ИТХ-д МАН-аас сонгогдсон хүмүүс ямар ч цалин авдаггүй гэсэн гомдол гарсан байна. Ер нь ИТХ-ын гишүүнд цалин гэж байх уу?

-Угийн ИТХ-ын төлөөлөгч нар цалин авдаггүй ш дээ. УИХ-ын гишүүд л цалин авдаг. Цалин өгдөг хууль, цалингийн сан байхгүй. Харин МАН-ын үед төрийн албанд орсон албан хаагчид цалин авахгүй байгаа бол бослого гараад сүйд болно биз дээ. Ер нь миний эхнэрийг Баянгол дүүргийн иргэд сонгосон юм ш дээ. Би сонгоогүй, томилоогүй. Дээрээс нь миний эхнэр тэндээс нэг төгрөгийн ч цалин авдаггүй.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв гэсэн нэрийн дор оффис барьсан гэх мэдээллийн тухайд?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төв гэсэн ямар нэгэн зүйл байгаагүй. Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих  “Төгс-Эрдэм” сан гэж байдаг юм. Энэ сангийн нэр дээр яригдаад байгаа оффисын барилгыг авсан. Гуравны нэг нь хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих “Төгс-Эрдэм” сангийн үйл ажиллагаанд зориулагдсан. Үлдсэн хэсгийг нь зах зээлийн зарчмаар түрээсэлж, өдөр тутмын урсгал болоод үйлчилгээ менежментийн зардалд зориулах ёстой. Барилгын хамгийн дээд талын хоёр давхрыг зөвхөн хурал цуглаан явуулахад зориулсан байх жишээтэй. Шууд хэлэхэд хувь хүний хөрөнгөөр баригдсан. “Төгс-Эрдэм” сан нь гишүүнчлэлгүй ТББ. Энд хуулийн ямар нэгэн гажуудал байхгүй. Төрийн, төсвийн нэг ч төгрөг зарцуулагдаагүй. Тэгэхээр хүний өмчийг юу болгох гэж бичээд байгааг би ойлгохгүй байна.

-Энэ мэтээр тантай холбоотой олон мэдээлэл цацагджээ. Монголын сагсан бөмбөгийн хоёр холбоо нэгдэх асуудалд тээг тавьсан тухай ч яригдаж байна. Яг юу болсон юм?

-Дуугүй суугаад байхаар хэн дуртай нь доромжилж байдаг юм шиг ойлгоод байгаа бололтой. Тийм зүйл байхгүй ш дээ. Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн спорт ямар хэмжээнд хүрч уналаа. Лигийн тэмцээнийг хүртэл явуулж чадахаа больж 700 орчим сая төгрөгийн өрөнд орж, одоо болтол өөрийн байргүй дампуурсан ш дээ. Энэ холбоог үүсгэн байгуулахаас эхлээд миний аав насаараа энэ спортод өөрийгөө зориулсан хүн. Аав минь анх 1992 онд ахмадын шигшээ багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан. Тиймээс би энэ тэмцээнийг нь аавынхаа нэрэмжит болгоё.

Зохион байгуулалтыг нь хийгээд өгөөч гэж тухайн үеийн Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргилтой ярьсан. Гурван жил дараалж худал хэлж явсан юм, Ц.Мөнх-Оргил. Энэ тохиолдолд бид Сагсан бөмбөгийн холбоонд тавьсан хүсэлтээ орхиж аавынхаа нэрэмжит тэмцээнийг тусад нь зохион явуулдаг болсон. Хоёрдугаарт энэ нөхдүүд ажил хийхгүй юм байна гэдгийг харсан учраас хэсэг нөхдийнхөө хамт Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог байгуулсан.

Энэ холбоо байгуулагдаад хоёр жил зургаан сар болж байна. Ингээд сагсан бөмбөгийн спортын хөгжилд бүхий л хүч, анхаарлаа хандуулж ажилласан. Үүний хүчинд сагсан бөмбөгийн хөгжил тодорхой түвшинд сэргэсэн. Бид өнгөрсөн жил сагсан бөмбөгийн лигийг зохион байгуулж гадны 14 легионер ирж тоглосон. Мөн энэ онд үндэсний сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг зохион байгуулахад гадны 21 легионер ирсэн. Манай тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц дээшилсэн. Анх удаа Казанийн дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож Филиппин, Японыг хожиж 62 орноос хагас шигшээд үлдсэн. Энэ бол том амжилт. Ингэж л сагсан бөмбөгийн спорт дахин хөгжиж эхэлсэн. Өнөөдөр хүний хийсэн, бүтээсэн баялгийг булааж авахыг эрмэлздэг хүмүүс байдаг нь харагдаж байна.

Хуучин сагсан бөмбөгийн холбооныхон яг л ийм оролдлогуудыг хийж эхэлсэн. Хамтарч хуралдах саналыг тавихад нь хүлээн зөвшөөрөхөд бидэнд хурлын мандатаа өгөөгүй. Очоод оролцоход огцорсон удирдлагууд нь дахиад сонгогдсоныг бид хүлээн зөвшөөрөөгүй. Аливаа зүйлд шинэчлэл байх ёстой. Тэдний тайлан нь үнэхээр өрөвдмөөр огт ажил хийгээгүй, тэр тэгсэн, ингэсэн гэж бөөн хов ярьсан. Тэдэн тэмцээн, ийм хөрөнгө оруулалтаар ингэж ажиллалаа гэсэн ажил хэрэгч үнэр байгаагүй учраас хурлыг  орхиод гарсан. Би хамтраад ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байгаа. Харамсалтай нь нөгөө тал ямар нэгэн аргаар бидний бүтээснийг өөрийн болгох гэсэн шуналтай байна.

-Энэ бүх асуудлын цаана хэн байгаа юм?

-Эрдэнэ гэдэг хүнийг |хардуулж, ямар нэгэн хэл аманд орооцолдуулах гэж горьддог нөхдүүд бий. Гэхдээ тоймтой, нотолгоотой муу хэлж, доромжилчих зүйл олдохгүй болохоор нь зөвхөн Эрдэнийг муучлахын тулд муулж байна. Нэмж хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эрхээ эдлээд,  үнэхээр байж болшгүй зүйлийг нийтэлж байгаа бол өөр асуудал. Судалгаан дээрээс харахад нэг материалыг гарчгийг нь өөрчлөөд 10-20 сайт нийтэлсэн байгаа юм. Эндээс зохион байгуулалттайгаар хийгдэж байгаа ажил байна гэдэг нь харагдаж байгаа юм.

Шаардлагатай бол хууль, шүүхийн байгууллагуудад хандаж шийдүүлж ч болох. Яаж ч ухаад Эрдэнэ гэдэг хүн хууль зөрчсөн, хулгай хийсэн гэх баримт байхгүй. Би ХАХНХ-ын сайдаар ажиллаад нэг жил долоон сар болж байна. Энэ хугацаанд хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг бэлдлээ. Хүн амын бүлгийг дөрөв хувааж авч үздэг байсан бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэг бүлэг болгон нэмлээ. Яагаад гэвэл улсын хэмжээнд 120 орчим мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Цөөн хүн амтай оронд том тоо. Хүн амын таван бүлгийн үндэсний хэмжээний чуулгыг зохион байгуулж, зорилго хөтөлбөрүүдээ тодорхойлж ажилдаа орсон.

Хамгийн гол нь бид авдар дүүрэн алттай, шуудай дүүрэн мөнгөтэй төсөв аваагүй.

Өрхийн орлогыг тодорхойлж, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эхлүүллээ. Ажил сайн явж байна. Нөгөө талдаа Хүүхдийн эрх, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн дуусаж  байна. Ажилласан жил, тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг батлуулсан бол Хамтын тэтгэврийн тухай хуулийг өргөн барьчихаад байна. Ер нь нийгмийн хамгааллын чиглэлээр өнгөрсөн парламентад есөн хууль боловсруулсан байдаг бол салбар яамыг удирдаад зургаан хууль боловсруулж бэлдээд байна. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд ч тэр өөрийнхөө хэмжээнд ажиллаж байгаа гэж би боддог.

-Хийсэн хийж байгаа ажлуудаа дурдлаа. Нийгмийн хамгааллыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалтай уяж тайлбарлавал сайдын зүгээс ямар үг хэлэх бол?

-Эдийн засаг сайнгүй байгаатай санал нэг байна. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын хувьд аль болох иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, асуудлыг нь арилгаж, хөнгөвчлөх тал дээр бодлого, зорилтоо тавьж ажилласан. Тэтгэврийн нэмэгдэл, ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож олгох ажлыг амжилттай зохион байгуулсан.

Хүүхдийн мөнгийг саадгүй олгодог боллоо. Эцэг эхчүүд хүүхдийн мөнгө авах гэж дугаарладаг байсан тухайгаа ярихаа ч больсон. Хүүхдийн мөнгө ямар сүр дуулиантай байлаа. Одоо бол ердийн зүйл болсон. Энэ бол их том ололт гэх мэтээр эдийн засагтай холбоод яривал өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг аль болох хурдан, шуурхай шийдвэрлэж ажиллахыг хичээж байна.

-Засгийн газрын гишүүний тань хувиар асуухад эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд зах зээл нь бэлэн байгаа нүүрсээ ахиухан борлуулаад мөнгөтэй болж болдоггүй юм уу. Нүүрсээ зарахын тулд царигийн асуудлаар хэрэлдэлгүй ашигтай гэсэн төмөр замаа тавьчихаж  болдоггүй гэж үү?

-Өнөөдөр эдийн засгийг сэргээхийн тулд шаардагдах хамгийн чухал зүйл бол мөнгө. Мөнгө босгох тухай асуудал зах зээл дээр эргэлтийг түргэсгэх шаардлагыг УИХ хүлээдэг. УИХ-ын шийдвэрээр тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа учраас мөнгөний нийлүүлэлт харьцангуй бага байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт. урсгал зардал бага байна.

Эдийн засгийн мөнгө гэх хүчин зүйлийн эргэлт удаашраад ирэхээр хүндрэл бий болдог. Хүнээр ярихад цус нь өтгөрч, эргэлт нь удааширч царай нь харлаж, ядарч сульддагтай адил. Чингэс бондын үр дүн гарсан гэж би боддог. Чингэс бондыг босгоогүй бол эдийн засаг үүнээс хүнд байж болох байсан. Олон ажлыг эхлүүлж, хийж чадсан. Мэдээж алдаа, оноо байсан. Гэхдээ бид Чингэс бондын мөнгийг элсэнд ус асгаж байгаа юм шигээр цацаагүй. Аль болох эдийн засгийн үр бүтээлтэй зүйлд заруулахыг зорьсон.

Хамгийн гол нь бид авдар дүүрэн алттай, шуудай дүүрэн мөнгөтэй төсөв аваагүй. Уналт руу орж Оюу толгой нь бөөн хэл ам, Таван толгой нь тэр чигээрээ өр, Эрдэнэт нь бас л өр гээд томоохон үйлдвэрүүд нь зогсчихсон байсан шүү дээ. Гэхдээ бид ийм эдийн засаг хүлээж авсан гээд гараа хумхиж суугаагүй. Манай кабинетынхан эрвийх дэрвийхээрээ ажилласан. Энэ онд эдийн засгийг сэргэнэ гэж хүлээж байгаа.