"ЭХ ОРОН -36" хөтөлбөрийн үндэсний сургагч бэлтгэх сургалт эхэллээ
Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2014.04.04

"ЭХ ОРОН -36" хөтөлбөрийн үндэсний сургагч бэлтгэх сургалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр баталсан билээ.

Үүний дэд хөтөлбөр болох “Эх орон -36” хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар санаачлан хэрэгжүүлж байна.

Монголын хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх, эр зоригийн чадваруудыг эзэмшүүлэх, бие даасан байдал, оролцоог нь дэмжих, бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг, өрсөлдөх чадвартай иргэн бэлтгэхэд зориулсан Эх орон-36 хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр өсвөр үеийн хүүхдүүдэд 36 төрлийн чадамжийг 36 цагийн сургалтаар заах юм.
Өнгөрсөн жил тус хөтөлбөрт нийслэлийн төвийн зургаан дүүргийн 2500 орчим хүүхэд хамрагдаж, эх орноо хайрлах, аливаа эрсдэлийг даван туулах тэсвэр тэвчээр, бие даах чадварт суралцсан байна.

Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд 2014 оны 04 дүгээр сарын 2-4-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Тэгвэл энэ жил тус хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлэн орон нутагт буюу эхний ээлжинд таван аймагт хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хүрээнд Эх орон-36 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд 2014 оны 04 дүгээр сарын 2-4-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн ажиллагаанд уг хөтөлбөрийг санаачлагч ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, Батлан хамгаалахын их сургуулийн захирал хошууч генерал Я.Чойжамц болон Монголын зуслангуудын холбоо, Скаутын холбооны төлөөлөл оролцлоо.

Сургалтад аймаг, дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн нийгмийн ажилтан, сургуулийн эмч, биеийн тамирын багш, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн мэргэжилтэн албан хаагчаас бүрдсэн 250 гаруй төлөөлөл хамрагдаж , Эх орон-36 хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх сургалтын арга зүйг сурч байгаа юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэснээр энэ жил Эх орон -36 хөтөлбөрт 8000, явуулын сургалтаар 4000 гаруй нийт 12000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Эх орон -36 үндэсний сургагч бэлтгэх сургалт энэ сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна.