Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонсов
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ танилцуулав.
2014.06.10

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонсов

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2014.06.10/ үдээс хойш хуралдаж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг сонслоо.

Тайланг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Эрдэнэ танилцуулав.

Танилцуулгад дурдагдсанаар, “Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийгмийн даатгалын байгууллагын 2013 оны жилийн ажлын тайланд НДҮЗ-ийн ажлын албаны даргын 2014 оны 18 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг үнэлгээ хийлээ.

Үнэлгээг Хууль зүйн яамнаас боловсруулан гаргасан байгууллагын үйл ажиллагаанд системчилсэн үнэлгээ хийх аргачлалын дагуу дотоодын үнэлгээний хэлбэрийг сонгон гүйцэтгэсэн. НДҮЗ нь Засгийн газрыг төлөөлсөн гурав, Ажил олгогчийг төлөөлсөн гурав, Даатгуулагчийг төлөөлсөн гурав нийт орон тооны бус 9 гишүүн, ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явууллаа. НДҮЗ-ийн ажлын алба нь албаны дарга, эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, аудитор буюу хянан шалгагч зургаа, нягтлан бодогч нэг, гэрээт ажилтан нэг гэсэн 10 орон тоотой ажиллаж байна.

Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд нийт 1455 ажилтан ажиллаж байна.

2013 онд НДҮЗ 6 удаа хуралдан, 46 асуудал хэлэлцэж, 39 тогтоол батлан гаргаж биелэлтэнд нь хяналт тавин ажиллалаа. Нийт 39 тогтоол гаргаснаас журам баталсан 11 тогтоол, Авлага барагдуулах талаар хоёр тогтоол, төсвийн хуваарийн 11 тогтоол, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын төв байгууллагын бүтэц, чиг үүргийн тухай гэх мэт үйл ажиллагаатай холбоотой 15 тогтоолыг тус тус баталсан. Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан шийдвэрийг үндэслэн НДҮЗ-ийн хурлаар нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн чөлөөт үлдэгдлээс хадгаламж хэлбэрээр арилжааны банкинд байршуулах, бонд худалдан авах хөрөнгийн хэмжээг баталсан.

Үүний үр дүнд банкны хадгаламжийн хүү 25.4 тэрбум, бондийн хүү 12.9 тэрбум, харилцахын хүү 7.1 тэрбум нийт 45.4 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй зарим аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан, дампуурсан, төлбөр хариуцагч нь нас барсан, шимтгэлийн өр барагдуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг шалтгаантай 373 ажил олгогчтой холбоотой 4.6 тэрбум төгрөгийн шимтгэлийн найдваргүй авлагыг хүчингүй болгож данснаас хасалт хийлгэсэн байна” гэлээ.

Тайлангийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, С.Ганбаатар нар асуулт асууж хариулт авсан. Гишүүдийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлал ямар байгаа болон нийгмийн даатгалын сангийн өр, авлагын талаар тодруулж, тайланг сонсох явцад даатгуулагчдын төлөөлөл хүрэлцэн ирээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Сангийн нийт өмч 939,9 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 30.1 хувь буюу 214,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

НДҮЗ-ийн дарга С.Эрдэнэ, 2013 онд нийгмийн даатгалын санд 1018.8 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулан, орлогын төлөвлөгөөг 104.8 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 4340.7 мянган даатгуулагчид 1058.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, нөхөн олговор, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Сангийн нийт өмч 939,9 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 30.1 хувь буюу 214,4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 820,0 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 406,1 тэрбум төгрөгөөр буюу 98,1 хувиар нэмэгдэж, санхүүгийн чадвар эрс дээшилсэн зэрэг сангийн менежмент зөв явснаар НДҮЗ 2013 онд урдаа тавьсан зорилтоо хангалттай биелүүлсэн гэдгийг онцоллоо. Мөн тэрээр, нийгмийн даатгалын өр, авлагын асуудал жилийн жилд яригддаг.

Нийгмийн даатгалын хамралт, сангийн орлогын бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, хуримтлагдсан өр авлагыг барагдуулах, нийгмийн даатгалын ажилчдыг авилга, аливаа ашиг сонирхлын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, ажил олгогчдын шимтгэл төлөх хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тавьсан алдангийн орлогоос урамшуулал олгох, дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд баримтлах журмыг батлан мөрдүүлж байна гэлээ.

Хуралдаанаар НДҮЗ-ийн тайланг сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлах саналыг гишүүд дэмжлээ