Эрдэмтэд жагсав
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар \ зургийг shuud.mn\
2014.12.30

Эрдэмтэд жагсав

Шинжлэх ухааны академи, судалгааны байгууллагуудыг их сургуулиудтай нэгтгэх талаар Ерөнхий сайдын мэдэгдлийг эсэргүүцэж буй эрдэмтэд өнөөдөр Чингисийн талбайд жагслаа.

Манай улсад ШУА-ийн харьяанд 20 хүрээлэн төв, хоёр лаборатори, ШУТИС-ийн харьяанд таван хүрээлэн, ХААИС-ийн харьяанд дөрвөн хүрээлэн, ЭМСЯ-ны харьяанд хоёр хүрээлэнд нийт 1000 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг аж.

Өнөөдөр дээрх хүрээлэнгүүдийн төлөөлөл болсон 500 гаран эрдэмтэн судлаачид эсэргүүцлийн жагсаалд оролцож Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хэлсэн үгээ эргүүлэн татаж авахыг шаардлаа.

Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ийм олон хүрээлэн байдгийг мэдэхгүй хүн олон гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж хэлсэн нь доромжлол хэмээн үзэж байна. Дэлхийд данстай эрдэмтэн судлаачидтай хүрээлэнгүүдэд итгэхгүй байгаа нь Ерөнхий сайдын шинжлэх ухаанаас дэндүү хол байгаагаа харууллаа гэж тэд үзэж байна.

Жагсаалын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ирж, тэдэнтэй нэгдэж байгаагаа дуулгасан. Тэрээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын барьж буй байр суурийг МҮЭХ дэмжих боломжгүй. Та бүхэнтэй санал нэг байна гэдгээ дуулгах гэж ирлээ. Өнөөдөр хэлэлцээрийн хүрээнд та бүхний ажлын байрны баталгаа, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааг боловсруулах чиглэлээр хамтарч ажиллана “гэсэн юм.

Жагсаалд оролцогчид “Шинжлэх ухаанаа адалдаг Шийдлийн Засгийн газар огцор”, “Үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж яриад мэдлэгийн үйлдвэрлэлээ устгах гэж байна”, “Залгамж бодлогогүй Засгийн газар ичиг, ичиг, замаа мэддэггүй төрийн түшээд шившиг шившиг” зэрэг уриа барьсан  байна.

Мөн энэ үеэр "Засгийн газрын шийдвэр гаргагч нар монгол оронд чөлөөт сэтгэлгээг нугачин дарах, бүх зүйлсийг өөрийн муйхар бодлоор шийдвэрлэж, хар цагааныг одоо ба ирээдүй цагт нь дэнслэн харьцуулах чадвартай шинжлэх ухааны хүмүүсийг улс төрийн намынхаа дагалдан баясагч нар шиг байлгах гэж зүтгэхтэй хэзээ ч санал нийлж чадахгүй гэдгийг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.