Хятадаас эхэлсэн "хямралын салхи" Европ руу эргэв
БНХАУ-ын эдийн засаг таагүй байна
2015.08.26

Хятадаас эхэлсэн "хямралын салхи" Европ руу эргэв

Даваа гаригт Хятадын санхүүгийн зах зээл нийт активынхаа 10%-ийг алдав. Угтаа бол Хятадын санхүүгийн зах зээл туйлдаж эхлэж байна.

Даваа гаригт Шанхайн хөрөнгийн бирж дээрх огцом уналт дан ганц Хятад улсад хүнд цохилт болоод зогсохгүй Европ, АНУ-ыг тойрсонгүй. Даваа гаригт шанхайн хөрөнгийн бирж дээр Shanghai Composite индекс 8.5 хувийн уналттай гарсан нь тус улсын хувьд 2007 оноос хамгийн доод түвшиндээ хүрч буй анхны тохиолдол. Энэ өдөр Нью-Йорк дахь хөрөнгийн бирж дээр гол хувьцаануудын ханш огцом унасан юм.

Эдгээр уналт нь АНУ-ын толгой компаниудыг сэхээ өгөлгүй дайран өнгөрсөн бөгөөд Apple, Microsoft, General Electric, Google зэрэг томоохон компаниудын хувьцаа өмнөх үеийнхээсээ хэд дахин буурсан байна. Эдийн засгийн тогтвортой байдалд буй тус улс орнуудын хувьд энэ нь 2008 онд АНУ-аас улбаатай эдийн засгийн хямралаас хойшхи гэнэтийн цохилт байсан гэж болно.

ХЯТАДЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАВ

Өнөөдрийн байдлаар огцом уналтад орсон Хөрөнгийн биржээ сэргээх зорилгоор БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж, 4.6 хувь болгоод байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр дээрх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ийнхүү өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш тав дахь удаагаа бодлогын хүүг бууруулж, арилжааны банкны зайлшгүй нөөцийн хэмжээг 0.5 хувиар багасгаснаар биржүүдэд хувьцаануудын ханш эргэн өсч эхэлсэн байна.

Тухайлбал Лондонгийн Хөрөнгийн биржийн “FTSE 100” индекс гурван хувиар өссөн бол Германы “Dax “индекс 5 хувиар чангарч, Парисын “CAC” индекс 4.1 хувиар өсчээ.

Харин БНХАУ-ын Хөрөнгийн биржийн жишиг индекс “Shanghai Composite” 7.6 хувийн алдагдалтай арилжааг хаажээ. БНХАУ-ын Төв банкнаас хийсэн мэдэгдэлд "Эдийн засгийн бодит, эрүүл өсөлтийг дэмжиж, нэмэлт санхүүжилт олгох зорилгоор бодлогын хүүг бууруулсан" гэдгийг онцолжээ.

БНХАУ-ын эдийн засгийн удаашралаас үүдэн бизнесийн зах зээл хумигдана гэх айдсын улмаас Хөрөнгийн биржийн тоглогчид хувьцаагаа арилжиж, олон улсыг хамарсан уналт эхэлсэн. Цаашид Хятад улс эдийн засгийн өсөлтөө барьж чадах эсэхээс хямрал хэр удаан үргэлжлэх эсэх нь хамаарна хэмээн шинжээчид хэлжээ. Хятадаас үүдэлтэй энэхүү хямралд хөгжиж буй улс орнууд сэрэмжтэй хандахаас аргагүй хэмээн эдийн засагчид мөн онцолж байлаа.