Н.Батцэрэг: Сайдын суудалд хэнийг суулгахаа ярилцаагүй
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар ”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллээ.
Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
Тэрбээр, Ард нийтийн санал асуулгыг манай бүлэг дэмжиж байна. Санал асуулгыг арваннэгдүгээр сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ бол маш богино хугацаа. Түүнчлэн манай бүлгээс санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэхүү саналыг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болно.
Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хууль өргөн барих нь зөв гэж үзлээ. Тэгээд эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Ингэснээр бүх улс төрийн намуудын эрх ашиг бүрэн хангагдана гэж үзсэн” гэлээ.
Түүнчлэн, “Манай бүлгээс Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих болсон. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг асуудал яригддаг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй. Тиймээс намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй. Ингэвэл Шилэн дансны тухай хуулийн дагуу бүх гүйлгээ нь ил тод болж, эрүүлжинэ.
Өнөөдрийн хуралдаанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн. Манай бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байсныг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна” гэв.
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Санал асуулгын асуулт нь яг ямар байх вэ?
-Үндсэн хуулийн санал асуулгын томъёолол дээр ажлын хэсэг гаргаж, өргөн барьсан үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байна, дэмжихгүй байна гэсэн асуулга явуулъя гэтэл жирийн иргэд үзэл баримтлалыг тэр бүр ухаж ойлгохгүй. Өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа хүмүүс ажлын хэсэгт орсон, парламентад ажиллаж байгаа хүмүүс шиг мэдээлэлтэй байж чадахгүй.
Үүнээсээ болоод зүгээр л дэмжиж байна, дэмжихгүй байна гээд хэлчих нь өрөөсгөл юм. Иймээс улс төрийн намын удирдлага зөвшилцөж үзэл баримтлалаа хүмүүст хүргэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Л.Цог гэхэд л Ерөнхийлөгчийг олон нийтээс сонгогддог байсныг болиулж байгаад санал нэгдэхгүй байна. Энэ мэт зарчмын зөрүүтэй санал байгаа учраас бүх нийтийн санал асуулгаар шийдэх ёстой боловч, асуултаа дахин эргэн харах ёстой гэж үзэж байна.
-Сонгуулийн гурван хуулийн төсөл өргөн барьсан. Энэ бүхэнтэй танай бүлэг санал нийлэхгүй байна гэсэн үг үү. Яагаад дахин ижил хуулийн төсөл өргөн барих гэж байна вэ?
-Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулна. 48:28 гэсэн тогтолцоо бий. Тэгэхээр улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх юм. Энэ нь учир дутагдалтай гэж манай бүлэг үзэж байгаа. Хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөллийн тэгш байх зарчим алдагдаж байна. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хуваарилах ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмбэлэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Харин манай бүлэг нам хүмүүсээ эрэмбэлж хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг сонгогч шийдэх нь зүйтэй. Тиймээс сонгогчид жагсаалтад байгаа хүмүүсийн хэн нь УИХ-ын гишүүн байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Мөн санхүүжилт дээр бид зарчмын зөрүүтэй саналтай байна.
-Засаг захиргааны нэгжтэй холбоотой өөрчлөлтүүд орсон болов уу? Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх нийтийн санал асуулга явуулна гэлээ. Үүнээс гарсан санал дүгнэлтийг үндэслээд үндсэн хуулиа өөрчилнө гэхээр хугацааны хувьд амжих болов уу?
-Санал асуулгын хувьд хугацаа давчуу байна. Сонгуультай зэрэгцэхүйц хэмжээний санал асуулга явуулах учраас хугацаа их орно. Иймээс хугацааны хувьд хойш тавихаас аргагүй байдалтай харагдаж байна. Тиймээс парламент, улс төрийн намууд дотроо зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар бүлэг дээр нэг бүрчлэн санал гаргаагүй. Харин миний хувьд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Миний байр суурь бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг тусгай статустай хот болгоно. Дээр нь эдгээр хотуудын засаг даргыг ерөнхий сайд томилж байхаар оруулсан.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл МАН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэж долоо хоногийн өмнө мэдээлж байсан. 57 гишүүний гарын үсэг хүрсэн юм уу?
-Би эцсийн байдлаар хэдэн гишүүн гарын үсэг зурсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ ¾ -аас доошгүй гишүүдийн дэмжлэг авч байж батлагдах ёстой байдаг. Тиймээс эхлээд өргөн барихдаа батлах хэмжээний гишүүдийн дэмжлэг авч байж өргөн барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. МАН-аас хэн хэн гарын үсэг зурсныг би мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ажлын хэсэгт орсон МАН-ын зарим нэг гишүүд зурсан.
-Намуудын сахүүжилтийн тухай хуулийг эвслийг бүлгээс санаачилж өргөн барина гэлээ. Одоогоор санхүүжилт хаана хаанаас орж ирж байгаа вэ?
-Одоо бол сонгогчдын өгсөн саналыг 1000 төгрөгөөр үнэлж, УИХ-д суудал авсан гишүүний саналын тоогоор бодож тухайн намын дансанд хийдэг. Энэ бол шаардлагатай ажилд хүрэлцдэггүй. Тиймээс энэ санхүүжилтийг ялгаваргүйгээр адилхан дэмжлэг үзүүлдэг байя гэсэн саналыг оруулахаар бэлтгэж байна. Мөн бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол арай өөрөөр дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг санаачилж ойрын хугацаанд өргөн барина.
-Эрүүл мэнд спортын сайдын суудалд суух эзэн нь тодорхой болсон уу?
-Тийм асуудал өнөөдрийн хурлаар яригдаагүй.