Таван хувийн зээл хоёр үе шаттай хэрэгжинэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.03.09

Таван хувийн зээл хоёр үе шаттай хэрэгжинэ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан зарим хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ долоо хоногийн эхэнд болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар баталсан Ипотекийн зээл олгох ерөнхий журмын талаар зарим зүйлийг тодруулж өгсөн юм.

Юун түрүүнд, Засгийн газрын гишүүний хэлж буйгаар Засгийн газар жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн журмыг баталж, зээлийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Засгийн газраас баталсан журам олонд ил болоогүй ч, журмыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болоод Сангийн сайд Б.Болор хариуцан ажиллаж байгаа аж. Б.Болор сайдын хувьд одоо үргэлжилж буй ипотекийн зээлийг хэвийн тасралтгүй олгох талд нь түлхүү анхаарч байгаа бол С.Эрдэнэ сайд “гардан” батлуулсан Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулиар сангийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг санхүүжүүлэх ажилд түлхүү анхаарал хандуулж байгаа юм.

Гэхдээ ирэх хаврын чуулганаар энэ сангийн төсвийг хэлэлцэх бөгөөд Монголбанкны өмчлөлд байгаа орон сууцны ипотекийн зээлээр баталгаажсан 2.5 их наяд төгрөгийн үнэт цаас, орон сууцны ипотекийн зээлийг санхүүжүүлэх зориулалтаар Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон 650 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрхийг ирээдүйн тэтгэврийн нөөц санд шилжин орох ёстой юм. Ингэснээр жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой болох бөгөөд энэ зээлийн нэгдүгээр үе шат нь эхэллээ гэж ойлгож болох юм байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүст 434, нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 945, хөдөө орон нутагт 17071, Улаанбаатар хотын зарим дүүрэгт нийт 18450 өрх ипотекийн зээл нь таван хувийн хүүтэй болох боломжтой аж. Харин хоёрдугаар шат гэдэгт дээр дурдагдсанаас бусад өрхийг хамруулж байгаа бөгөөд аль ч компанийн үл хөдлөх хөрөнгөөс худалдан авсан таван хувийн зээлд хамрагдах боломжтой болох юм. Гэхдээ цаг хугацаа нь хэзээ гэдэгт Засгийн газар хариулт өгөөгүй байна. 

Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сан нь ипотекийн эх үүсвэр болохоос гадна, манай улсын хүн амын насжилт­тай холбогдож байгаа юм. Жишээлбэл, УИХ өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг батлан гаргасан бөгөөд Монгол Улс 1995 онд Нийгмийн даатгалын багц хуулийг, 1999 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг тус тус баталж ажил олгогч болон даатгуу­лагчаас төлсөн шимтгэ­лийн орлогоор тэтгэвэр олго­дог тогтолцоог нэвтрүүлж эхэлснээс хойш 20 жилийн хугацаа өнгөрөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, манай тэтгэврийн даатгалын тогтол­цоо нь даатгуулагчийн төл­сөн шимтгэлийн орло­­гоос тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг санхүүжилтийн хуваарилалтын тогтолцоотой 20 жил болж байна гэсэн үг. Хэрэв энэ хэвээрээ урагшлах юм бол 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэх үед тэтгэврийн даатгалын сангийн зардал илүү нэмэгдэх  нөхцөл байдал үүсэхээр байгаа юм. 

Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн бол  ахмад настны тоо 21.9 хувиар буюу илүү хурдацтай өссөн байна. Тиймээс Ирээдүйн тэтгэврийн нөөц санг орон сууцны ипотекийн зээлийн одоогийн бий болсон хуримтлал дээр үндэслэн байгуулж, орон сууцны болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор бизнесийн ипотекийн зээлийн тогтол­цоогоор дамжуулан урт хугацааны, тогтвортой хуримт­лал­тай болж, улмаар 2030 оноос эхлэн тэтгэврийн тог­тол­­­цоог хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжүүлэх урьдчилсан нөхцөл бүрдсэн юм.

НИЙГМИЙН ХАЛАМЖ ДЭЭР СУУРИЛСАН ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛСӨН

Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өнгөрсөн сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, дагалдан гарах хуулийн төслүүдийг баталсанг онцлов.  

2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблей 61 дүгээр чуулга­наараа “Хөгжлийн бэрх­шээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”, түүний нэмэлт протоколыг батлан гаргасан байдаг аж. Монгол Улс 2008 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц” болон нэмэлт протоколд нэг­дэн орсныг УИХ 2008 онд соёрхон баталсан байна. Тус конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар  тайлан  илтгэлийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороо 2015 оны гуравдугаар сарын 25-аас дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо болсон 13 дугаар чуулганаар авч хэлэлцсэн аж. Хороо цаашид конвенцын хэрэгжилтийг хангаж ажиллахад нь Монгол Улсад 37 зөвлөмж, нэг шаардлага, гурван хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд тэдгээр  зөвлөмжийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбогдох Үндэсний хууль тогтоомж, бодлогыг Конвенцид болон түүнтэй хамааралтай зүйл заалтуудад нийцүүлэх тухай байсан аж.

Тиймээс ХАХНХЯ-наас Хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дийн эрхийн тухай хуулийн төсөл боловсруулахдаа Хөгж­лийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвен­цын үзэл баримтлал, зарчимд тулгуурласан бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн 3000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал, судалгаа авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагууд, салбарын яамд, намын бүлгүүдтэй хамтарсан уулзалт хэлэлцүүлгүүдийг хэд хэдэн удаа зохион байгуулж, саналыг хуулийн төсөлдөө тусгасан байна. 

Ингээд үр дүнд нь, Хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан бүх хэлбэрээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар нэгэн хэлбэрийн ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаал­сан хууль эрх зүйн хамгаалалт бий болгосон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт мэдлэг нийгмийн аль ч түвшинд хангалтгүй байгаатай холбоотойгоор шийдвэр гаргагч, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийг оролцуулаад нийгмийн гишүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байх явдлыг хуульчлан баталгаажуулсан зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрх, эрх чөлөөг эдлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хууль зүйн үндэслэл боловсронгуй болж, улмаар эдгээр хүмүү­сийн эрх бодитойгоор хэрэг­жих бололцоо бүрдүүл­сэн гэж С.Эрдэнэ сайд хэлсэн юм. 

Мөн “Хөгжлийн бэрхшээл­тэй хүн олон нийт, хамт олны хүрээнд хөгжих эрх зүйн орчин бүрдэж, тэдгээрт үзүүлэх нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, хүрээ нь өргөжин, чанар нь дээшилнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, өөрийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамраг­дах боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтэц бий болно. Хөгж­лийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төрийн байгууллагын тогтолцоо, онцлог чиг үүрэг бүх түвшинд тодорхойлогдож, аливаа этгээдийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах эрх, үүрэг тодорхой болох юм” гэлээ.