Нийслэл 377 нас хүрлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар
2016.10.29

Нийслэл 377 нас хүрлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна.

Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй.

Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн  ирсний тэмдэг болгож, “Хүн чулуун хөшөө”-өөр шав тавьжээ. Түүхэн энэ үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгапын “Мэлхийт” хөшөө босож, нийслэлийн ойн өдөр хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм.

Үүнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар “Мэлхийг” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй нийслэлийн иргэддээ 377 жилийн ойн баярын мэнд хүргээд “Одоогоос 377 жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын суурийг одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуурын дэргэд тавьсан гэж түүхчид үздэг.

Үүнээс хойш 28 удаа бууриа сэлгэж, таван удаа нэрээ сольж, 1778 онд Алтан тэвшийн хандивд ирж суурьшсанаас хойш дэлхийд данстай хот болон хөгжиж байна. Нийслэлийн нийт иргэд, ахмадууд, хүүхэд залуучууддаа дахин баярын мэнд хүргэе” гэлээ. Нийслэлийн удирдлагууд Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайхан нийслэлийн “Сүлдэт хуур”-ыг цэнгүүллээ.

Мөн өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж байгаа залуу хосуудад Улаанбаатар хотын удирдлагууд баяр хүргэсэн юм. Улаанбаатар хотын 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор Сүхбаатарын талбайд нийслэлийн туг болон Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.