2021.03.17
Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг үнэ төлбөргүй ЭЕШ-нд бэлтгэнэ
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилгаар “Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл” ТББ-ыг байгууллаа.
Уг төрийн бус байгууллага нь Монгол улсын гавьяат багш Н.Алтангэрэл, С.Дондог, Т.Дандар, Ц.Дашдорж, Р.Бавуудорж, Г.Баасанжав, Ц.Адилбиш, С.Мэнджаргал, Д.Туул, Н.Даваасүрэн, Х.Хүрэлтогоо, А.Сандаг-Очир, Д.Энхжаргал, С.Нямсүрэн, Д.Батхишиг, Б.Баяржаргал, Д.Ганбилэг нарын шилдэг багш нарыг эгнээндээ нэгтгэсэн "Elab" буюу Education laboratory төслийг хэрэгжүүлж боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг бий болгох, цахимд суурилсан байгалийн болон бусад шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн чанартай сургалтыг сурагчдад олгох, багш нарын чадавхыг нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой.
"Elab" буюу Education laboratory төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ЭЕШ-д бэлтгэх, Орон нутгийн болон, улсын чанартай олимпиадад бэлтгэх, Гадаадад тэтгэлгээр суралцахыг хүсэгчдэд цахим хичээл заах юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрам нь өөрийн санаачилсан энэхүү төслөөрөө дамжуулан Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг үнэ төлбөргүй ЭЕШ-д бэлтгэнэ.
Мөн энэ ажлын хүрээнд анги хамт олноо амжилттай удирдаж ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн шилдэг 6 багшид зөөврийн компьютер, ЭЕШ-ын хичээлүүдийн дундаж оноогоороо аймагтаа тэргүүлсэн 6 сурагчид тус бүр 1 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг “Чинбатын Ундрам хөгжлийн сан”-гаас олгохоор боллоо.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn