ОХУ, БНХАУ-ыг Монголын нутгаар холбосон хурдны замын асуудлыг хөндлөө
2009.08.26

ОХУ, БНХАУ-ыг Монголын нутгаар холбосон хурдны замын асуудлыг хөндлөө

Хэлэлцээрт Монголын талаас С.Батболд, Л.Хангай, Н.Алтанхуяг, Л.Болд, Ё.Отгонбаяр, Х.Баттулга, Д,Зоригт, Д.Дорлигжав, Ц.Энхтүвшин, Т.Очирхүү, Д.Идэвхтэн, Ц.Сүхбаатар нар болон албаны бусад хүмүүс, ОХУ-ын талаас С.В.Лавров, С.Э.Приходько, Б.А.Говорин, А.А.Авдеев, И.Е.Левитин, В.Е.Чуров, К.И. Косачев, В.В.Наговицын, К.Н.Илюмжинов, Д.Ф. Мезенцев, Н.И. Булаев, Г.П. Петраков болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Хэлэлцээрийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведев болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүст Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Халхын голын дайнд хоёр орон хамтран ялалт байгуулсан түүхэн мөчид айлчлал хийж буйд нь талархал илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд болох хоёр улсын Дипломат харилцааны 90 жилийн ойн тухай дурьдаад, урт удаан хугацааны найрамдалт харилцаатай хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг улам шинэчлэн боловсруулах хэрэгтэйг онцлон тэмдэглэв. Хоёр орны “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээ”, 2000 оны “Улаанбаатрын Тунхаглал”, 2006 оны “Москвагийн Тунхаглал”-ын үзэл санаа зарчим, чиглэлийн дагуу өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг Монголын талаас илэрхийллээ.

Манай хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгаа бөгөөд, монголын талаас мах махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа дахин илэрхийлсэн юм. Мөн Атрын 3-р аян хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ОХУ-аас ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа билээ.
Хэлэлцээрийн үед яригдсан нэг чухал асуудал бол УБЗТ ХНН, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-ийг далайцтай шинэчлэх, үйл ажиллагааны үр ашгийг нь дээшлүүлэх явдал хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудал болж байгаа тухай байлаа.

Далайд гарцгүй манай хоёр орны хувьд дамжин өнгөрөх асуудал чухал байгаа. Бидний байдлын харгалзан Оросын талаас Монголоор дамжуулан 3 сая тонн түүхий нефть, 3 сая хүртэл тонн эрдэс бордоо төмөр замаар тээвэрлэхээр тохиролцож байгаа. Энэ нь Оросын талаас манайд үзүүлж байгаа томоохон дэмжлэг юм.

Цаашид Монголоор дамжуулан тээвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарахыг Монголын талаас хүслээ. ОХУ, БНХАУ-ыг Монголын нутгаар холбосон хурдны замын асуудлыг хөндлөө.

Ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулагдаж байгаа, мөн цэрэг техникийн хамтын ажиллагаа өргөжиж, хүмүүнлэг, соёл, боловсролын хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад баяртай байгаагаа хэлэлцээрийн үеэр хоёр тал харилцан илэрхийлсэн юм.

Монгол Улс Зүүн Хойд Азид өрнөж байгаа үйл явдлыг анхааралтай ажиглаж байдаг. Бүс нутагт энх тайван тогтвортой байдлыг хангах, цөмийн зэвсэгээс ангид байх бодлогоо тууштай баримталж байгаа. Мөн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага өргөжин бэхжиж, Төв Азийн хамтын ажиллагааны чухал механизм болж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэн хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ийн Төв байранд болох Дээд Хэмжээний уулзалтаас батлах Тунхаглалын төслийг эцэслэхэд ОХУ идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн юм. Манай хоёр улс, НҮБ болон ОХУ-ын бусад байгууллагын сонгуульд харилцан дэмжиж ажиллаж байгааг мөн энэ үеэр тэмдэглэлээ.
Мөн зарим нэг хуучин асуудлууд дээр цэг тавьж, шинээр эхлэх саналтай байгаагаа хэлэлцээрт оролцогчид илэрхийллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.