2021.12.24

Н.Наранбаатар: Коронавирусний тархалт бүрэн зогсоогүй учраас хуулиа зогсооно гэж байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Коронавирусын тархалт бүрэн зогсоогүй байна. Тийм учраас үүний эсрэг хуулиа зогсооно гэж байхгүй. Хамт сунгаад 6 сараар сунгах нь зүйтэй. Хөдөө орон нутагт ажиллаж байхад төсвийн хүндрэл гардаг. Энэ хуулийг сунгах хүрээнд төсвийн орлого, зарлагын дүнг өөрчлөх биш дотор нь гүйлгэх асуудал байгаа учраас Үндсэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж бодож байна.

Яг ажил хийж явахад зарим төрлийн зардал хэмнэгдэж,  зарим төрлийн зардал түрүүлж дуусдаг. Хариу арга хэмжээнээсээ шалтгаалаад тусгай хэрэгсэл, оношлуур, хамгаалах хэрэгсэл зарцуулах хөрөнгө нь түрүүлээд дуусчихдаг. Төрийн албан хаагчид ажлаа явуулахад постод гарах, томилолт, цалин, хоол хүнс гээд хөрөнгө мөнгө дуусдаг.

Хил боомтын асуудал цэгцэндээ ороогүй түвэгтэй байна. хил боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийг экспортоо нэмэгдүүлэхийн тулд хийх шаардлагатай болдог. Тэр бүрт төсөб хөрөнгө шаардлагатай болдог. Нөгөө талд зарим нэг төсөв хэмнэгддэг. Тавилга худалдаж авах, гадаад томилолтоор явах, сургалт, семинар, уралдаан тэмцээний зардлууд хэмнэгддэг.

Тэгэхээр төсвийн ерөнхийлөн захирагч маань төсвөө хооронд нь гүйлгэж дутуу зүйлдээ хэмнэж байгаа хөрөнгөнөөсөө зарцуулах зайлшгүй шаардлага бий болдог юм. Цаг алдалгүй арга хэмжээ авахын тулд хуулиа сунгаж, зарцуулалтыг нь ерөнхийлөн захирагчид нь өгөөд явах нь зүйтэй.

Харин Сангийн яам хүсэлтүүдийг нь хүлээж аваад, Төрийн сангийн газраас коронавирусын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийг нь хянаж, зөвшөөрөл эрхийг нь нээж өгдөг байдлаар явах нь зүйтэй. Цаашдаа сунгаж явахад анхаарч ажиллах шаардлагатай.

Тухайлбал, төсвийн сахилга бат, хандив зээл тусламжийн зарцуулалт, тайлан, зарим хүмүүстэй холбоотой худалдан авалттай холбоотой асуудлууд дээр хянаж шалгах, шаардлагатай бол хариуцлага тооцох, хүний эрх хэр зөрчигдөж байгааг анхаарах, мөн төрийн албаны шаардлага хангаагүй хүмүүсийг томилох зэрэгт анхаараад өмнө гарсан алдаануудаа засч залруулж сунгаж явахад харшлах зүйл байхгүй гэдгээр энэ хуулийг дэмжиж үг хэлж байна.