Дуучин С.Жавхлан: Миний мөрийн хөтөлбөр “таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье” гэсэн нэртэй
МУ-ын гавьяат жүжигчин С.Жавхлан ирэх сард болох УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон тухайгаа өчигдөр мэдэгдлээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Улстөрийн чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно” гэдэг үгийг сайтар олгосон гэнэ.
Дуучин маань нөхөн сонгуульд аль нэгэн нам хүчнээс бус бие даан нэр дэвших ажээ. Түүнийг ийн нэр дэвшихэд аль эртнээс хүчээ аван, түүнийг сонгуульд нэр дэвших тухай сайн муу мэдээллүүд ихээхэн нөлөөлсөн гэнэ. Тэрээр үүнийг “овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Сонин болгонд намайг нэр дэвших гэж байгаа тухай бичих нь энэ асуудалд анхаарлаа хандуулахад хүргэлээ” хэмээсэн юм. Үүнээс гадна түүний багш, хамаатан садан, мэргэжил нэгт нөхөд , ойр дотны хүмүүсийн дэмжлэг бас ихээхэн нөлөөлсөн гэнэ.
Улстөрд мэдлэгтэй гэхээсээ илүү мэдрэмжтэй хүмүүс орох хэрэгтэй хэмээн С.Жавхлан үзэж байна. Тэрээр мөрийн хөтөлбөрөө “таны мөрөөдлийг хөтөлбөржүүлье” хэмээн нэрлэж, “хүлээн зөвшөөрөх үү” нэртэй уриаг дэвшүүлж байгаа юм байна. УИХ-ын гишүүн болбол нэн түргүүнд урлагийн салбарт үндэсний өв соёлыг сэргээх, уламжлуулах, хадгалах, хамгаалах зэрэг асуудлыг анхаарах бол нийгмийн салбарт иргэний даатгалыг бий болгох мөн боловсролын салбарыг анхааран ажиллах ажээ.