УИХ-ын гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна
Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц. Идэрбат болон Эрүүл мэндийн сайд С.Энхболд, сайдын зөвлөх О.Батбаяр, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул нар Хэнтий аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын эхэнд цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Хэнтий аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.
Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцуулан уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.
Мөн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, төрөх тасаг, гемодиалезийн ба яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах зорилгоор шинээр байгуулж тохижуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийн нээлтэд оролцлоо.
Эрүүл мэндийг дэмжих төвийн тоног төхөөрөмж, засварт 1,6 тэрбум төгрөг Засгийн газраас зарцуулсан байна. УИХ гишүүд ба Эрүүл мэндийн сайд тус аймагт суурилуулж буй 1.8 тэрбум төгрөгийн ангиографийн аппарат, Нэгдсэн эмнэлэгт Хавдрын мэс засал хийхэд ашигладаг АНУ Thompson компанийн мэс заслын иж бүрэн багаж , 155 сая төгрөгийн алсын дуудлагын иж бүрэн тоноглогдсон Toyota Land cruiser 78, Өлзийт суманд УАЗ Фургон автомашин гардууллаа.