Хэнтий аймгийн ЖДҮ эрхлэгчид төрийн ордны үйл ажиллагаатай танилцлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Хэнтий аймаг дахь салбарын төлөөлөл, сумдын Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр Төрийн ордны үйл ажиллагаатай танилцаж, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нартай уулзалт хийлээ.
Тэд “Chamber Bus”- Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн туршлага судлах бизнес аяллыг энэ сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Грийн групп ХХК зэрэг хэд хэдэн үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, Хөрөнгийн зах зээл, Финтек ба Криптовалютын чиглэлээр мэдээлэл, сургалтыг Монгол Банкнаас авч байгаа юм байна.
Жижиг, дунд үйлдвэрлэгчид төрийн бодлогоор баялаг бүтээгчдээ хэрхэн дэмжиж байгаа талаар, хөнгөлөлттэй зээл, ЖДҮ-ийн зээлийг жигд хүртээмжтэй олгох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж, аялал жуулчлалыг дагасан жижиг, дунд үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудынхаа тухай УИХ-ын гишүүдээс асуулт асууж, уулзалт хийлээ.
УИХ-ын гишүүдийн зүгээс Улс орны нөхцөл байдал, чуулганаар хэлэлцэгдэж буй хуулиуд, МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тойргийн гишүүдийн үйл ажиллагааг танилцуулж, тэдний уламжилсан санал хүсэлтийг хүлээн авлаа.