Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай
2009.10.23

Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай

Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай
/2009 оны эхний 9 сарын байдлаар/


2009 оны 10-р сарын 22-нд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн Шадар сайд Н.АЛТАНХУЯГ илтгэв.


УИХ-ын Дэд дарга, эрхэм гишүүд ээ!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын зарим гишүүд, намын бүлгээс гаргасан саналын дагуу 2009 оны Үндсэн чиглэлийн биелэлтийн явцыг эхний 9 сарын байдлаар гаргаж, танхимаараа хэлэлцэн Та бүхэнд танилцуулж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн эхний 9 сарын биелэлтийн тухай дэлгэрэнгүй материалыг Та бүхэнд тараасан байгаа.

Энэ жилийн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг авч үзэхэд 2009 он манай улсын хувьд бусад жилээс нэлээд онцлогтой байна. Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал Азийн хөгжлийн банкны судалгаагаар зөвхөн санхүүгийн хүрээнд 50 их наяд ам.долларын хохирол учруулж, олон арван сая хүнийг ажилгүй болгож, бүх өндөр хөгжилтэй орнуудад ДНБ-ний хэмжээ буурч, санхүүгийн зах зээлээс их хэмжээний мөнгө зээлж, зарим жижиг улсууд өөрийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний хохиролд орсон байна.

Энэ хямралаас шалтгаалан манай улсад бодит салбарын өсөлт саарч, зарим салбар зогсонги байдалд орж, төсвийн орлого буурсны улмаас хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх бололцоогүй болсон.
Иймээс 2009 оны Үндсэн чиглэлийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлж байсан 2008 оны 3 дугаар улирлаас хойш өөрийн орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг бууралтаас сэргийлэх, хамгаалах үүднээс “Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газар боловсруулан УИХ-аар хэлэлцэн баталсан.

Дэлхийн эдийн засгийн хувьсамтгай байдал, гадаад орчны сөрөг үр дагавар зэрэг амаргүй үед 2009 оны Үндсэн чиглэлийн бодлого, зорилтуудыг Засгийн газар хэрэгжүүлэх, мөн санхүү эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд давхар ачаалалтай ажиллалаа.

Ийнхүү төр засаг, хувийн хэвшил, малчид, иргэд, айл өрх, хамт олон бүрийн хүчин чармайлтын үр дүнд манай Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зарим нааштай үр дүн гарч байгааг 2009 оны макро эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэлийн дүн харуулж байна. Үүнд:

ДНБ:

Өнгөрсөн оны сүүлээс эхэлсэн санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж, бодит эдийн засгийн зарим салбарыг зогсонги байдалд оруулж, үйлдвэрлэл, хэрэглээ олигтой өсөхгүй байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр мөнгө, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авсны үр дүнд 2009 онд эдийн засаг 1.5 хувиар өсөхөөр байна.

Үнийн тогтвортой байдал: өнгөрсөн онд түүхий эд бараа, үйлчилгээний үнэ тариф дэлхийн зах зээл дээр хэт өндөр өсч, 2008 онд газрын түүхий тосны нэг баррель нь 147 ам доллар хүрсэн, улаанбуудай, цагаан будааны үнэ ихээхэн нэмэгдэж, манай улсын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, орон сууцны үнэ, үйлчилгээний үнэ тариф өсч, инфляцийн түвшин 2008 оны эцэст 22.1 хувь болж байсан. Иймээс 2009 оны Үндсэн чиглэлд инфляцийн хэт өсөлтийг хязгаарлах, бууруулах бодлого хэрэгжүүлснээр энэ оны эцэст инфляцийн түвшин 5.4 хувь болж, зорилтыг бүрэн хангахаар байна.

Хөдөө аж ахуй:

Бид “Атрын 3 дахь аян”-ы хүрээнд энэ жил газар тарилангийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, шаардлагатай тоног төхөөрөмж, санхүүгийн тодорхой дэмжлэг үзүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээний үр тариаг тариалсан билээ. Үүний үр дүнд манай улс үр тариа, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээнийхээ дийлэнхи хувийг хангах боломжтой боллоо.

Ханш:

Зах зээлд ам.долларын хэрэгцээ өсч, хомсдсонтой холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар манай улсын валютын нөөц 50% багасч, 2009 оны эхэнд ам.долларын ханш 1700 төгрөг хүрэхээр байлаа. Валютын ханшийг тогтворжуулах бодлогын хүрээнд гадаад валютын нөөцийг өсгөх арга хэмжээ авсны үр дүнд төгрөгийн ам.доллартай харьцах ханш өмнөхөөсөө чангарч, валютын нөөцийн хэмжээ нэмэгдэж, хямралын өмнөх түвшинд хүрч байна.

Экспорт:

Хэдийгээр дэлхий зах зээл гүнзгий хямарсан ч бид экспортыг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч Шивээхүрэн, Гашуунсухайт зэрэг хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах, хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд ногдуулж буй татвар, хураамжийг нэг цэгийн үйлчилгээнд хамруулах чиглэлээр ажиллаж байна. Үүний үр дүнд өмнөх оны гадаад худалдааны тэнцэлийн 710 сая ам долларын алдагдлын хэмжээг 485 сая ам доллароор 2009 онд бууруулахаар байна.

Төсөв, санхүү:

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоор төсвийн орлогынхоо нилээд хэсгийг бүрдүүлдэг манай улсын хувьд төсөв, санхүүгийн бэрхшээлийг үүсгэж, цаашид төсөв ихээхэн хүндрэх болсонтой холбоотойгоор төсвийн алдагдлыг нөхөх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Олон улсын валютын сантай “Тогтворжуулах хөтөлбөр”-ийг цаг алдалгүй байгуулан хэрэгжүүлж 229.0 сая ам.долларын санхүүжилт авах, хямралаас гарах шуурхай арга хэмжээний 18 сарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцов. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2009 онд 153.4 сая ам.долларын санхүүжилтийг авсан бөгөөд түүнд улс орны төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг сэргээх, 2009 оны төсвийн алдагдлыг ДНБ-ний 6.5 хувьд барих, банкны салбарын асуудлыг шийдвэрлэх, урьд өмнөхөөс уян хатан, зохистой ханшны бодлого баримтлах зэрэг чиглэлийг тусгасан. Мөн эдийн засгийн уналтад хамгийн их өртөх эмзэг бүлгийнхэнд нийгмийн халамж үзүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэхээр зорисон юм. Төсвийн зарлагыг хэмнэх болсонтой холбогдуулан зарим төлөвлөгдсөн арга хэмжээ түр хойшлуулах, эргэж харах шаардлага гарсан ч үүний үр дүнд 2009 онд төсвийн алдагдлын хэмжээ макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хэмжээнд байхаар байна. Банк санхүүгийн системийн хувьд манай банкны систем тогтвортой ажиллаж байгаа тухай Төвбанк мэдээлэл өгсөн байгаа.

Ажилгүйдлийг багасгах үүднээс нийтийг хамарсан ажил зохион байгуулж, ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж ажилласнаар ажилгүйдэл ихээхэн нэмэгдэх сөрөг үр дагавраас сэргийллээ. Ажилгүй иргэдийг зохион байгуулалттай нийтийн ажилд хамруулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 22031 хүнээр буюу 3.7 дахин нэмэгдэж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас энэ ажилд 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Арилжааны банкуудаар дамжуулан 1259 албан бус хөдөлмөр эрхлэгч, 1583 ажилгүй иргэн, 607 малчин, 157 аж ахуйн нэгж, байгууллагад 5.9 тэрбум төгрөгийн зээл олгосноор 8550 хүн ажлын байраар хангагдсан байна. Хүн амын эмзэг хэсгийг орлогын эх үүсвэртэй байлгах үүднээс нийтийг хамарсан ажлын хамрах хүрээ, далайцыг нэмэгдүүлж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийслэлд хороолол дотор бичил тохижилт хийх, “Ажилгүйдлийг шийдсэн хороо гудамж” төсөл зэрэгт 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжүүлт олгосон нь хүн амын ядуу, ажилгүй, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн чухал арга хэмжээ болов.

Ирээдүйд манай хөгжлийн тулгуур болох шинэ салбаруудыг хөгжүүлэх ажил хийгдэж байна. Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2008 оны 9 дүгээр сараас улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах оюуны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн биотехнологийн 20, нанотехнологийн 12 судалгааны төслийг эхлүүлэн 1,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэв. БСШУ-ны салбарын төсвийн санхүүжилт 16,8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд урсгал зардал 10,1 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгө оруулалт 6,7 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Салбарын нийт зардлын 90 хувийг урсгал зардал, 10 хувийг хөрөнгө оруулалтын зардал эзэлж байна.

Төвийн болон орон нутгийн эмнэлгүүдийн материал, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулж, ихээхэн хөрөнгө оруулалт хийлээ.
Малчид, мал бүхий иргэдийн амьжиргааг дэмжих тодорхой арга хэмжээ авлаа. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого боловсруулж батлуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ноолуурын үнийн уналттай холбогдуулж нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийг малчид болон мал бүхий иргэдэд нэг удаа олгоход зориулан 24.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлэв. Малчин өрх, мал бүхий этгээдийг хүн амын орлогын албан татвараас чөлөөлсөн. Үүний үр дүнд малчид 11.0 тэрбум төгрөгийн татварын дарамтаас чөлөөлөгдөөд байна. Ноолуурыг цөөхөн боомтоор нэвтрүүлж байсныг өөрчлөн бүх боомтоор гаргах болж, ноолуурын экспортын 4000 төгрөгийн татварыг тэглэв.

Эдийн засгийг сэргээхдээ “айлаас эрэхээр авдраа уудал” зарчмаар ажиллалаа. Манай улс байгалийн баялгийн арвин нөөцтэй. Бодит эдийн засгийг сэргээх, олон мянган ажлын байр бий болгох, нөөцөө бүрэн дайчилж ашиглах, зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь манай эдийн засгийг зөвхөн сэргээх төдийгүй, цаашид олон арван жил манай төсвийг тэтгэх шинэ эх үүсвэртэй болох, эдийн засгийг өсгөх хүчтэй хөдөлгүүр төвтэй болох, бүс нутгаа хөгжүүлэх, тээврийн дэд бүтцээ өргөтгөх ажлыг ч энэ хямралын үед хийж чадлаа. Оюутолгойн орд ашиглах гэрээг байгуулсаны үр өгөөжийг өндрөөр тооцож байгаа билээ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

2009 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг бүлэг тус бүрээр авч үзвэл Засаглал, эрх зүйн шинэчлэл бүлгийн биелэлтийн хувь хамгийн өндөр буюу 81.2 хувь, Гадаад бодлого, батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх бодлого бүлгийн биелэлт 71 хувьтай гарсан нь нийт биелэлтийн дундаж хэмжээнээс дээгүүр байгаа бөгөөд харин бодит салбарын бодлого, бүс нутаг хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого бүлгийн биелэлт доогуур буюу 60 хувьтай байна. Ийнхүү бүлэг тус бүрээр хэрэгжилтийг гаргахад нилээд ялгаатай үр дүн гарч, 2009 оны төсвийн боломж, нийт эдийн засгийн бууралтаас шалтгаалан бодит эдийн засаг, бүс нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд бүтээн байгуулалт, дэд бүтэц, барилга, зам гүүрний чиглэлээр тусгагдсан зарим арга хэмжээний биелэлт тааруу байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын гүйцэтгэл оны эцэс рүү нилээд шахаж гардаг тул оны эцсийн байдлаар 2009 оны Үндсэн чиглэлийн биелэлт сайжирч гарахаар байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зохион байгуулалт, төсөв, санхүүгийн боломжтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар өөрийн хүч бололцоогоо дайчлан ажиллаж байна.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг жилийн эцсийн байдлаар хуульд заасны дагуу Та бүхэнд 2010 оны эхний сард танилцуулж, мэдээлэх болно.

Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.