Монгол улсад хүний биед мөнгөн ус тодорхойлох боломж бүрдлээ
Монгол Улсад хууль бус алт олборлолтын улмаас хүрээлэн буй орчин мөнгөн ус, цианид болон бусад химийн бодисоор бохирдож, улмаар хүн амын эрүүл мэндэд эрсдэл үзүүлэх нөхцөл байдал үүсээд байна. Иймд химийн аюулгүй байдлын менежментийг сайжруулах зорилгоор химийн хортой бодисын тандалт, судалгаа хийх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, мэдээлэл цуглуулах чиг үүрэг бүхий Хор судлалын төвийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн бүтцэд байгуулсан.
Засгийн газрын 2008 оны 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 64 сая төгрөгийн санхүүжилт гарган ОХУ-ын Люмекс компаниас хүний биологийн сорьц болох үс, цус, шээс, хөхний сүүнд мөнгөн ус тодорхойлох зөөврийн Люмекс багажийг худалдан авч НЭМХ-ийн Хордлогын төвд суурилуулан ДЭМБ-ын санхүүжилтээр 2 мэргэжилтнийг ОХУ-ын Санкт-Петербург хотод лабораторийн чиглэлээр долоо хоног, удам зүйн чиглэлээр 1 мэргэжилтнийг Израиль улсад 3 сарын сургалтанд хамрууллаа.
Засгийн газрын 98-р тогтоолын дагуу хувиараа алт олборлолт явуулдаг Төв аймгийн Жаргалант, Борнуур сумын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд мөнгөн усны нөлөөллийг үнэлэх судалгаа хийсэн ба эдгээр судалгааг өргөжүүлэн 10-11 сард Өмнөговь болон Өвөрхангай аймгуудад тохиолдож буй төрөлхийн гаж хөгжил, зулбалт, дутуу төрөлтөнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг үнэлэх судалгаа хийхээр төлөвлөж байна.
Химийн аюулгүй байдлын менежментийг сайжруулах, Хор судлалын төвийг бэхжүүлэхэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 131 сая, ДЭМБ-аас 60 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.