Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо 2013.12.31 | Телевиз: С1

2013 онд монголын дотоодын үйлдвэрлэл өсчээ

С1 телевизийн

С1 телевизийн "VIP тодруулга" ярилцлагын энэ удаагийн дугаарт Үндэсний Cтатистикийн Хорооны макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг оролцож 2013 оны Монголын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар ярилаа. 

2013 оны хувьд та Монголын нийгэм, эдийн засагт ямар салбаруудыг онцолж авч үзэх вэ?

Нэгдүгээрт, барилгын салбарыг онцолъё. Барилгын салбар нь эдийн засагт 3-4 хувийн жин дардаг ч барилга угсралт, гүйцэтгэлий хэмжээ гурав дахин нэмэгдсэн нь эдийн засагт томоохон үзэгдэл байлаа.

Хоёрдугаарт, уул уурхайн салбар орно. Нэг талаас гадаадын хөрөнгө оруулалт, нүүрсний олборлолт, экспорт буурсан ч, нөгөө талаас өндөр өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал, манай улс өмнөх онтой харьцуулахад гурван тонноор илүү алт олборлолоо. Өмнө нь бид зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ганцхан үйлдвэрийн тухай ярьдаг байсан бол одоо хоёр үйлдвэртэй болж баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээ өслөө.

Түүнчлэн газрын тосны олборлолт бараг нэг сая баррелиар өмнөх оноос давлаа. Энэ мэтчилэн өндөр өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 40-70 хувиар өссөн нь монголын эдийн засгийн өсөлт 11,5 хувьд хүрэх боломжийг бүрдүүллээ.

Үйлчилгээний салбарын хувьд бага хэмжээний өсөлттэй. 2013 он дотоодын үйлдвэрлэлээр хангагдсан эдийн засгийн өсөлтийг авчирсан жил байсан гэдгийг онцолмоор байна.

Энэ эдийн засгийн өсөлт та бидний бодит амьжиргаанд хэрхэн нөлөөлөв?

Дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн өсөлтийг дэлхийн хэмжээнд гурван аргачлалаар хэмждэг. Би саяхан эдийн засагт нийлүүлж буй дотоод үйлдвэрлэлийн хэмжээг ярилаа. Харин таны асуултанд тэр бий болсон өртөгийг хэн яаж ашиглаж байна вэ гэдэг талаас нь хариулъя. Бий болсон ашгийг өрх, засгийн газар, төрийн бус байгууллагын хэрэгцээнд зориулж болохоос гадна хуримтлах юмуу экспортолж болно. Гадаад худалдааны тэнцэл алдаатай байж эцсийн ашиг талдаа сөргөөр гарсан ч гэлээ бий болсон өртгийн үр дүнд өрхийн хэрэглээ нэмэгдсэн. Өрхийн хэрэглээ нэмэгдэнэ гэдэг орлого нэмэгдэнэ гэсэн үг.

Оны сүүлээр эдийн засгийг доголдуулсан үнийн өсөлт, төгрөгийн ханшны уналт, гадаад хөрөнгө оруулалт буурсан зэргийг бүтэн жилийн хувьд ерөнхийд нь дүгнэж хэлээч.

Эхний гурван улирлын байдлаар манай улсын гадаад хөрөнгө оруулалт хоёр тэрбум доллар байв. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 50 хувийн гүйцэтгэлтэй. Ингэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэсэн үг. Мөн экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнэ бууснаар манай эдийн засагт шууд нөлөөлж байна. Төгрөгийн ханш унасан нь мөн л гадаад хүчин зүйлтэй холбоотой. Энэ нь импортын бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцид шууд болон шууд бусаар нөлөөлж хоёр оронтой тоонд хүргэлээ. Тэгэхээр 2013 онд дотоод гэхээсээ илүү гадаад зах зээлийн хүчин  зүйлс таагүй байлаа гэсэн дүгнэлт гарч байна.