2009.06.17

Л.Болд: Монгол Улсын иргэн байгалийн баялгаа эзэмшинэ гэсэн үг

УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Д.Зоригт, Д.Одхүү, Б.Батбаяр нар “Баянмонгол” корпорацийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа Засгийн газарт хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл news.mn вебсайтад 6 сарын 17-нд нийтэлсэнийг дор хүргэж байна.

Энэ талаараа хуулийн төсөл санаачлагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Баянмонгол корпорацийн үндсэн  зорилго нь стратегийн ач холбогдол бүхий 15 орд газрын нөөц баялагт түшиглэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, Монгол Улсын иргэнд хувьцаагаа үнэ төлбөргүй эзэмшүүлэн ногдол ашиг хуваарилдаг зарчимтай байх аж. Ингэхдээ ногдол ашгийг хувьцаа эзэмшигч бүрийн нэр дээр ногдол ашиг хуваарилах зорилготой нээсэн нэрийн дансаар дамжуулан ижил хэмжээний ногдол ашиг, бэлэн мөнгө хэлбэрээр хуваарилах зарчим барих юм байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр амжилттай ажилладаг үндэсний хэмжээний томоохон корпораци байгуулагдах төдийгүй, байгалийн баялгийн орлогыг оновчтой зөв менежмент хийж, ногдол ашиг хэлбэрээр шударга хуваарилснаар монгол хүний амьжиргаа дээшилнэ гэж тооцоолжээ. Энэ талаар бид уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Баянмонгол корпорацийн гол зорилго нь юу вэ. Иргэдийн хувьд ногдол ашгийг ямар хэлбэрээр эзэмших вэ гэдэг асуудал хамгийн их сонирхол татаж байна?
 

-Одоо бид стратегийн орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон зорилт тавьчихаад байна. Олон гарцыг ярилцсан. Ардчилсан нам 2008 оны сонгуульд оролцохдоо орд газрыг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ чиглэлээр ажлын хэсэг маань олон сар ажилласны үр дүнд одоо хуулийн төсөл маань өргөн барихад бэлэн болоод байна.

Иргэн өмнө нь ямар нэг эрхийн бичгээр дамжуулж, боогдмол орчинд хувьцаа эзэмшдэг байсан. Одоо харин байгалийн баялгаа, орд газруудаа эзэмшиж байгаа тэр корпорацид шууд хувьцаа эзэмшинэ.   Өнөөдөр дэлхийн томоохон корпорациуд ийм зарчмаар явж байгаа. Нэг корпораци гэхэд л нэг сая, 10 сая хувьцаа эзэмшигчтэй байлаа гэхэд нийт гаргасан хувьцаа нь  тэрбумаар яригддаг. Үүнтэй нэгэн адил Монголын энэ баялаг бидний жилийн өмнө тооцсоноор триллион гаруй ам долларын баялаг байгаа. Цаашид асар ихээр өснө. Энэхүү баялагтаа түшиглээд корпораци байгуулахад Монгол Улсын иргэн нэг сая байтугай төгрөгийн хөрөнгө хувьцаа ноогдох бололцоо бүрдэж байгаа юм. Тэрнээс гадна үр ашгийг нь байнга хүртээд амьдралынхаа баталгаа болгоод явж байх нөхцөл бололцоог энэхүү хуулийн төслөөр хангасан.

-Баянмонгол корпорацийн гол хөрөнгө нь юу байх вэ. Стратегийн гол орд газрууддаа түшиглэх гэж байна уу?
 

-Олон улсын уул уурхайн томоохон компани болох Рио Тинто зэрэг нь тодорхой орд газруудын нөөцдөө түшиглээд зээлжих эрх, хөрөнгө оруулалт татах эрхийг авч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явдаг. Жишээ нь Монгол Улс стратегийн орд газруудаа аваад үзэхэд триллион гаруй доллараар үнэлэгдэх нөөц байгаа. Энэ нөөцөө олон улсын жишгээр бодоход 100-200 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани байгуулах бололцоотой. Тэр хэмжээнд хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авах, орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах тэр шийдвэрээ гаргах эрх бололцоо нь шууд байж байгаа, энэ механизмыг ажиллуулах үндсэн санаа юм л даа.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.