Х.Амгаланбаатар: Үнийн хөөрөгдлийг хязгаарлах, үнэ бүрдэлтийн тухай хуультай болъё
Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс луу жилийн эхэнд ажил хаялт зарлахаа мэдэгдсэн ч олны анхаарлын төвөөс сар гаруй гадуур байсан бол эргэн ярианы сэдэв болж эхлэв. Засгийн газар амлалтаа биелүүлэлгүй луу унжсаар, УИХ нь төсөвтөө тодотгол хийлгүй хойш суусаар намрын чуулган завсарлаж, 20-иод хоног өнгөрчээ. Харин багш нарын зүгээс гуравдугаар сарын нэгнээс ажил хаялт зарлана гэж байсан бол түр азнаж, ээлжит бус чуулганаар асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээхээр болоод байгаа юм.
Үүнээс гадна Засгийн газар гурван талт үндэсний хорооны хурлаар хэлэлцэж тохиролцсон үнийн хөөрөгдөл, шатахууны үнэ зэрэг асуудлуудыг бүрэн шийдвэрлээгүй байгаа. Харин энэ сарын 15-нд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн 2012-2013 оны төлөвлөгөөг ярилцах юм. Тус хэлэлцээрт МҮЭХ шинээр ямар санал оруулах талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.
-2012-2013 оны хэлэлцээрт шинээр ямар нэмэлт санал оруулахаар бэлтгэж байна вэ?
-Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр энэ удаа их онцлог, ач холбогдолтой болгохыг МҮЭХ зорьж байна. Хэлэлцээрт тусгах асуудлаа нэлээд сайн нарийвчлан тусгана. Ажил олгогч эздийн холбоо, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлээс өмнө хийсэн хэлэлцээрийг дүгнэхдээ бүх заалтуудаас биелснийг нь авч хувиар дүгнэдэг байсан. Хэлэлцээрийн чухал асуудал нь хэрэгжээгүй зөвхөн туслах чанартай асуудал биелсэн нь ач холбогдолтой, дийлэнх хувь нь хэрэгжсэн гэж дүгнэдэг байлаа.
Хувийн хэвшлийн салбарт ажилладаг хүмүүсийн цалингийн зохицуулалт тодорхой бус байдаг. Үүнээс болоод зах зээлд үнийн хөөрөгдөл бий болоод байна.
Харин энэ удаа цөөн тооны асуудлаар хэлэлцээр байгуулъя гэж МҮЭХ санал оруулна. Нэгд цалин хөлсний асуудал юм. Төрийн болон төсөвт байгууллагын ажиллагсдын цалинг гурван талт хэлэлцээрээр хийж болж байна. Хувийн хэвшлийн салбарт ажилладаг хүмүүсийн цалингийн зохицуулалт тодорхой бус байдаг. Үүнээс болоод зах зээлд үнийн хөөрөгдөл бий болоод байна. Цалингийн нэмэгдлийг ч үнэгүй болгодог. Тиймээс энэ талын хэлэлцээрийг чухалчилна. Энэ талаар гурван талт хэлэлцээрт тусгана гэж сүүлийн 10 жилийн турш ярьсан ч тусгаж чадаагүй.
-Хөдөлмөрийн доод хөлсний асуудлыг хэрхэн шийдэх вэ. Энэ талаар ямар шинэ санал оруулах вэ?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн жилийн инфляцитай уялдуулж нэмж байя гэдэг санал оруулна. Тухайлбал, 2012 онд 20 хувийн инфляци гарлаа гэхэд хөдөлмөрийн хөлсийг дагаж 20 хувиар нэмдэг байх жишээтэй. Одоо бол тодорхой хувиар нэмж байна. Энэ нь инфляцитай уялддаггүй. Дараагийн асуудал “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр. Засгийн газар зургаан хувийн хүүтэй бага, дунд орлоготой өрхөд 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно гэж баталлаа. Үүнд бид хяналт тавих ёстой.
Засгийн газар зургаан хувийн хүүтэй бага, дунд орлоготой өрхөд 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгоно гэж баталлаа. Үүнд бид хяналт тавих ёстой.
Үнэхээр бага, дунд орлоготой айлд орон сууц нь очиж байна уу. Тиймээс хяналтын зөвлөл байгуулах хэрэгтэй. Мөн үнийн хөөрөгдлийг хязгаарлах, үнэ бүрдэлтийн тухай хуультай болъё. Ийм хууль дэлхийн олон улсад байдаг. Үнийн хөөрөгдөл хэрэглэгчийн эрх ашигт хэр нөлөөлж байна. Хөөрөгдсөн бол ямар хариуцлага хүлээх зэрэг асуудлыг хөндөнө.
Одоо бол Өрсөлдөөний тухай хуулиар л стратегийн ач холбогдолтой зарим бүтээгдэхүүн, том компаниудад хэрэглэдэг хууль байна. Мөн дараагийн асуудал бол бүтээмжийн асуудал. Иргэд ажилтай болох хөрөнгө оруулалтыг шаардаж байна. Тэгэхээр бүтээмжийн хөдөлгөөнийг хэдхэн аж ахуй нэгж байгууллагад хэрэгжүүлэх биш үндэсний хэмжээнд хэрэгжүүлье гэж үзэж байна.
-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн талаар та юу хэлэх вэ. Бага, дунд орлоготой хүн гэж хэнийг хэлээд байна вэ?
-Монголын нөхцөлд дундаж орлоготой хүн гэж 350-410 мянган төгрөгийн хооронд цалинтай хүнийг л хэлж байна. Зургаан хувийн хүүтэй зээлийг Засгийн газар иргэдийн амьжиргаанд биш банкны зээлтэй уялдуулж энэ тооцоог гаргаж байна. Үүнийг хэрэгжүүлээд эхлэхээр орон сууц нь бага, дунд орлоготой хүнд очиж байна уу гэсэн эргэлзээнд оруулна. Ямар хүнийг бага орлоготой, ямар хүнийг дунд орлоготой гэж байгааг тогтоох хэрэгтэй. Харин энэ зээлийн асуудалд хяналтын зөвлөл хяналт тавина. Банкнаас гаргаж байгаа зээлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өрхийн орлого 800 мянга байна гэж гаргаж ирсэн болов уу.
-Өнгөрсөн жилийн гурван талт хэлэлцээрийг биелүүлээгүй тохиолдол багш нарын ажил хаялтаар харагдсан. Энэ жил дахин хэрэгжихгүй бол яах вэ?
-Тийм болохоор хариуцлагын асуудлыг хэлэлцээрт оруулна. Хэлэлцээр гэдэг нь хөдөлмөрийн бага хууль гэж явдаг.
Өнөөдрийн байдлаар бидний шаардлага, хэлэлцээрийг Засгийн газар биелүүлэхгүй гэхгүй байна. Харин хугацаа алдаж, тоглолт хийж байна.
Тиймээс МҮЭХ хариуцлагын асуудлыг оруулах байр суурьтай байгаа.
-Шатахууны үнийн асуудал юу болсон бэ?
-240-260 төгрөгт хүрснийг 170 төгрөгөөр хассан нь боломжийн байгаа. Үүнийг дахин ярилцана.
-Багш нарын хоёрдугаар сарын цалинг нөхөж олгох уу?
-Олгоно. Хоёрдугаар сарын цалинг нөхөж гуравдугаар сарын цалин дээр олгоно. Харин гуравдугаар сарын нэгнээс олгохгүй бол дахин ажил хаяна. Энэ сарын 9-нд төсвийн тодотгол батлагдана. Тэр болтол багш нар хүлээхээр болсон.