Ө.Энхтүвшин: УИХ дахь олонхийн бүлгээс гэгээ гарч байна
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч хараахан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж чадалгүй завсарлалаа.
Чуулганы үеэр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Авлигажсан төсөв том асуудал боллоо. Ерөнхий сайд оруулж ирсэн төсвөө авлигажсан гэж ярихаар хүнд байдалд орж байна. Ерөнхий сайдын хэлснээр бол маргааш УИХ-ын чуулганд баахан компанийн нэр оруулж ирэх юм байна, тендерт ялсан.
Мөн Төрийн нарийнаас доошоо бүх албан тушаалтнууд УИХ-ын чуулганд оролцох нь. Үндсэндээ тэд бүгд авлигачид. Бүгдийг нь багтаах шорон байгаа юу. Ерөнхий сайд өөрөө хачин юм ярихаар хэлэлцүүлэг хийхэд хүндрэлтэй байна. Гэхдээ өнөө жил ажил яваагүйд өөр шалтгаан илүү нөлөөлсөн гэж бодож байна.
Засгийн газар зарчимгүй ажиллаж байгаагаас гишүүдийн тэсвэр барагдаж байна.
Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахдаа намаар нь ялгаварладаг. Өөрийн намынхандаа тэргүүн ээлжинд, бусдыг оны төгсгөлд гэх маягаар. Тендерт будлиан гаргадаг. Ер нь төсөв ярихдаа хариуцлага ярья, үнэхээр муу ажилласан сайд байгаа бол хариуцлагыг хамт тооцъё.
Өнөөдөр УИХ дахь олонхийн бүлгээс гэгээ гарч байна, хариуцлага ярихгүй болохоор УИХ-ын гишүүдийн тэсвэр барагдаж байх шиг байна. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар, хариуцлага хүлээнэ гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хариуцлага хүлээе гэлээ. Гэхдээ хүлээх хариуцлага нь Засгийн газарт байгаа юм биш үү. Зарчимгүй ажиллаж байгаа учраас УИХ-ын гишүүдийн тэсвэр барагдаж байна” гэлээ.