Д.Ганбат: Засаг хамгийн чухал зүйлдээ мөнгөө зарцуулж чадахгүй байна
УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Уг нь энэ хавар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана гэж байсан ч больж байх шиг байна. Яагаад төлөвлөж байсан хурлаа цуцлав аа. Танд мэдээлэл байна уу?
-Миний ойлгож байгаагаар энд хэд хэдэн шалтгаан байна. Нэгд, УИХ энэ хавар хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй. “Шударга ёс” эвслийн бүлэг хэлэлцэх асуудал батлах тогтоолоос завсарлага авсныг хүмүүс мэдэж байгаа. Тийм учраас яг өнөөдөр тийм асуудал хэлэлцэх ёстой гэдэг зүйл УИХ дээр гарч ирээгүй байна. Бас Засгийн газраас ч УИХ-д төсвийн тодотголын төслийг оруулж ирсэнгүй. Энэ бүхнээс, болж ээлжит бус чуулган зарласангүй. Харин улс орны хэмжээнд бол зайлшгүй шийдэх ёстой, хураагдсан асуудал маш их бий. Хэлэлцэх, ярилцах ёстой, шийдвэр гаргах гол байгууллага бол УИХ. Өөрөөр хэлбэл, УИХ дээр цаг үргэлж яаралтай шийдвэрүүд гарч байх ёстой. Гэвч УИХ ээлжит бус чуулганаа зарлахгүй байгаа нь харамсалтай л байна.
-Тухайлбал ямар асуудлыг УИХ яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа юм бэ?
-Эдийн засгийн олон асуудал тулгамдсан сэдэв болоод байна. Монгол Улсын хөрөнгө opуулалтын орчин өнөөдөр ямар бай гаа билээ. Хэдий УИХ-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан ч өнгөрсөн хугацаанд байдал яаж өөрчлөгдөв. Үүнийг ярих ёстой. Мөн улсын төсвөөс царцаасан объектуудын асуудлыг шийдэх хэрэгтэй. Монгол Улсын хувьд цаг уураасаа шалтгаалаад бүтээн байгуулалт өрнөх хугацаа цөөхөн cap байдаг. Гэтэл оны эхний улирал дуусч байхад энэ царцаасан объектууд яах нь тодорхойгүй л байна шуу дээ. Уг нь энэ төсвийг авилгажсан, царцаасан гэж нэрлэж байгаа ч хурдан нэг тийш шийдэх хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ төслүүдийн ихэнх нь сургууль, цэцэрлэг байгаа.
Мөн аж ахуйн нэгжүүдийн байдал хунд байна. Компаниуд цалингаа тавьж чадахгүй байна, орон тоогоо цомхотгож байна. Үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Нөгөө талаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж байж тэндээс олсон мөнгөөрөө эдийн засгаа босгох хэрэгтэй байдаг. Гэтэл яав. Монгол Улсын экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй унаж байна. Нүүрсээр л жишээ авъя л даа. Өдөрт 1000 машин нүүрс гардаг байсан боомтуудаар өнөөдөр 100 хүрэхгүй машин явж байна.
Төмөр зам, дэд бүтцийн төслүүд ч зогсонги боллоо. Энэ бүхнийг шийдэх ёстой газар нь явж явж УИХ. Гэтэл ингээд УИХ нь төлөвлөж байсан хуралдаанаа хүртэл цуцалсан нь харамсалтай л байна.
-УИХ-д танай нам олонх. Таны ярьсан энэ бүх асуудлын төслийг оруулж ирэх үүрэгтэй Засгийн газар нь танай намынх шүүдээ. Ингэхээр танай засаг муу ажиллаж байгаа юм биш үү?
-Манай Засгийн газар санасан, бодсон хэмжээнд сайн ажиллахгүй л байна. Нуугаад яахав, бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй нь. Энэ нь ч өнөөдрийн уначихсан эдийн засгийн байдлаар илэрч байна шүү дээ. Хүмүүсийн амьдрал ямар байгаа билээ, маргааш нөгөөдөр юу болох вэ гээд бодвол Засгийн газар ажлаа хийж чадахгүй явна. Хамгийн гол энд хариуцлагын асуудал байгаа юм.
-Хариуцлагыг хэнтэй ярих ёстой юм бэ?
-Хаа хаанаа хариуцлагын асуудлыг ярихгүй байна шүү дээ. Миний бодлоор дээрээс нь, УИХ, Засгийн газраас хариуцлагын асуудлыг ярих ёстой. Тэгэхгүйгээр доороос нь хариуцлага тооцно гэвэл утга учир алдагдана. өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар нь хариуцлага ярьдаг бол бусад газарт ч ярьж болно. Хог шүүрдэхэд яадаг билээ. Олон давхар байшингаар яривал хамгийн дээд давхраас нь хогоо шүүрдээд орцныхоо хаалгаар гаргадаг. Айл гэр бол хоймроосоо хогоо шүүрдэж үүдээрээ гаргадаг биз дээ. Хариуцлагыг яг ингэж дээрээс нь ярих хэрэгтэй. Дундаас нь яриад үр дүнд хүрэхгүй.
-Уг нь энэ засаг хамгийн их мөнгөтэй шуу дээ. “Чингис”, “Самурай” бонд, Хөгжлийн банкны бонд, “Yнэ тогтворжуулах хөтөлбөр”, төсвийн хөрөнгө гээд тооцвол хамгийн их мөнгөтэй засаг. Ийм байхад эдийн засгаа унагачихаж байгаа нь гадаад хүчин зүйлээс болов уу, дотооддоо алдаатай бодлого явуулав уу?
-Гадна, дотнын нөхцөл байдал нөлөөлдөг л байх. Хамгийн гол нь бидний өөрсдийн арчаагүйнх. Мөнгөгүй байхад санаа амар л явдаг байх. Харин их мөнгөтэй байхад түүнийг нь зарцуулах ухаан хэрэгтэй. Өнөөдөр яаж байна. Импортыг орлох, экспортыг дэмжих гэл уу 888 төсөл хэрэгжүүлнэ л гэж байна. Ийм дампуу юм хийж болохгүй.
-Яагаад дампуу гэж...?
-Шийдвэр гарах ёстой газраа л гардаг байх хэрэгтэй. Гэтэл бондыг жишээ нь яаж зарцуулж байна. Ард түмнээс мандат авсан УИХ нь биш, бондын зөвлөл л зохицуулж байна шуу дээ. Тэр бондын зөвлөл гээд байгаа нь шийдвэр гаргах бүтэц мөн үү. Тэд бондын зарцуулалтыг хариуцаад, хариуцлага хүлээж чадах уу. Би хувьдаа бондын зарцуулалтыг УИХ шийдэх ёстой гэж үздэг.
-Гэхдээ бондын зөвлөл гэдэгт чинь сайд нар ороод, Байнгын хороодын дарга нар ордог юм биш уу. Тэр хүмүүс хариуцлага хүлээхгүй юу?
-Ямар хариуцлага хүлээх юм. Ядаж л өнөөг хүртэл тэр хүмүүс ард түмэнд тайлангаа тавьсан уу. Үгүй ш дээ. Монголын ард түмэн энэ мөнгөний зарцуулалтыг мэдэх хэрэгтэй. Миний хувьд хэдийгээр энэ мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулж байгаа гэж бодож байгаа ч өнөөдөр хамгийн чухал зүйлдээ зарцуулж чадсангүй л гэж хэлнэ. Ийм л дүгнэлттэй явна. Хүн болгон ийм дүгнэлттэй яваа байх. Жишээ нь, импортыг орлох, экспортыг дэмжих нэртэй 888 төсөл ямар үр дүнд хүрэх вэ.
Өөр нэг оронд хоёр төгрөгөөр чанартай хийгээд Монголд орж ирэхдээ гурван төгрөгийн үнэтэй болдог юмыг бид өөрсдөө хийж байна гээд таван төгрөгөөр хийж болохгүй ш дээ. Ийм дампуу юм хийж болохгүй. Тиймээс 888 төсөл дээр маш хариуцлагатай хандах ёстой. Түүнээс сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.
Би асуудлыг байнга өмнө нь хэлдэг ш дээ. Өмнө нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр’’-ийн талаар ч үгээ хэлж байсан. Бензиний үнийг барина гээд урт хугацаандаа зах зээлийн зарчмаа эвдэж болохгүй гэж сануулж л явсан. Одоо яаж байна. Үүн шиг л бондын мөнгийг хянах хэрэгтэй. Өөpөөp хэлбэл, УИХ дээр юмаа яриад, олон ургальч бодлыг уралдуулаад явах нь зөв байсан. Ядаж л ард түмнээс мандатаа авсан хүмүүс нь шийдсэн бол зөв байсан. Харин бондын зөвлөл гээд хэдэн сайд, хоёр гурван Байнгын хорооны дарга, хэдэн зөвлөх нийлээд шийдээд явах нь учир дутагдалтай. Хамгийн гол нь өнөөдөр тэр хүмүүс гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх үү гэдэг нь сонин ш дээ.
-”Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, бас энэ бондын мөнгө бүгд улсын төсвийн гадуур, УИХ-ын хяналтгүй явж байгаа. Уг нь энэ мөнгөнүүдийг эхнээс нь төсөвдөө авах ёстой гэж сөрөг хүчин мэдэгдэж л байсан шүү дээ?
Давхар дээлийг тайлах ёстой гэдэг нь эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын зарчмын тухай л асуудал.
-Олонхын бүлгийн гишүүд дотор ч ингэж болохгүй, тэгж болохгүй гээд ярьж л байсан. Гэвч шийдвэр гаргах механизм нь буруу ажиллачихсан. Өнөөдөр ийм буруу явсан замаа засах ёстой. Энэ буруу явуулсан хүмүүс замаа өөрчлөх хэрэгтэй. Ард түмнээс айх ёстой, ард түмэн хүчтэй шүү дээ. Ард түмнийг төлөөлж мандат аваад сууж байгаа гишүүд бид ч УИХ-ын хаврын чуулган эхлэхээр "Yp дүн ийм байна” гээд хариуцлага хүлээх ёстой хүмүүст нь хүлээлгэнэ.
-Ингэж явах шийдвэр УИХ- ын олонхын бүлэг дээр гарсан биз дээ?
-Тийм, гэхдээ би бүлэг дээрээ цөөнх болсон гишүүдийн нэг нь.
-Тантай уулзсаных бас асуух зүйл байна. УИХ-ын намрын чуулганы төгсгөлд Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг шийдчих байсан. АН-ын бүлэг хугацаатай завсарлагын хугацааг хэтрүүлэн байж завсарлага авсан энэ төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сайд нарын давхар дээлийг тайлах ёстой гэсэн миний байр суурь одоо ч хэвэндээ байгаа. Давхар дээлийг тайлах ёстой гэдэг нь эрх мэдлийн хуваарилалт, хариуцлагын зарчмын тухай л асуудал. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог механизмыг энэ давхар дээлтэй сайд нар чинь байхгүй болгочихсон. Хэрэв тайлуулчих юм бол УИХ, Засгийн газрын зааг ялгаа бий болно. Тэгэхгүй бол өнөөдөр бараг Засгийн газар нь УИХ шиг л болчхоод байна шүү дээ.
Үүнийг Ерөнхийлөгч олж хараад салгах ёстой гэсэн. Угаасаа ардчилал хөгжсөн оронд эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шуух гэж гурав хуваадаг. Манайд хоёр нь холилдоод явчихсан учраас бие биедээ харилцан хяналт тавьж чадахаа байсан. Үүнийх нь сул тал ч харагдаад эхэллээ. Тиймээс үнэхээр л энэ нь болохгүй байна гэвэл заавал 2016 оны долдугаар сарын 1 хүртэл хүлээх хэрэг юу байна вэ. Зөв зүйтэй, хэрэгтэй гэвэл нэг өдрийн өмнө ч хэрэгжүүлэх нь зөв. Гэтэл яагаад энэ хуулиас завсарлага авах талаар гишүүдтэйгээ ярилгүй бүлгийн дарга Д.Эрдэнэбат дураараа завсарлага авсныг ойлгоогүй. Хууль журмаараа болохгүй л баймаар юм.
-АН-ын бүлэг дээр завсарлага авах талаар албан ёсоор яригдаагүй юм уу?
-Яриагүй, юу ч шийдээгүй шүү дээ.
-Сайд нарын давхар дээлийг цаг алдалгүй тайлах ёстой гэсэн бодолтой гишүүн танай бүлэг дотор ер нь хэр олон байгаа вэ?
-Адилхан байр суурьтай гишүүд бий. Эрүүлээр сэтгэдэг гишүүд манай бүлэгт байлгүй яахав. Ямар нэгэн тендерээр барьцаалагдаагүй, амраг садан, ах дүүгээ албан тушаалд тавиагүй, ардчиллыг үйл хэргээ болгосон гишүүд манайд байгаа.
-Ээлжит бус чуулганыг зарлаагүй нэг шалтгаан нь давхар дээлийг тайлах хуультай холбоотой байсан юм биш уу?
-Тэрийг үнэндээ мэдэхгүй юм. Даргын дэргэдэх зөвлөл дээр л ярьсан байх. Би түүнд нь ордоггүй болохоор мэдэхгүй байна.