Монголын автомашины үйлдвэрлэлийн шанг татсан автобусны үйлдвэр нээлтээ хийлээ
“Номин холдинг” ХХК-ийнхан “Eco Bus” автобусны үйлдвэрээ нээж, эх орондоо угсарсан J800 автобусыг туршилтын журмаар хөдөлгөөнд оруулсан
2014.05.24

Монголын автомашины үйлдвэрлэлийн шанг татсан автобусны үйлдвэр нээлтээ хийлээ

Монгол инженерүүдийн ур ухаан эх орондоо автомашин үйлдвэрлэх цаг ирснийг харуулж чадлаа. Учир юу гэвээс өнөөдөр “Номин холдинг” ХХК-ийнхан “Eco Bus” автобусны үйлдвэрээ нээж, эх орондоо угсарсан J800 автобусыг туршилтын журмаар хөдөлгөөнд оруулсан юм.

Монгол хүний онцлогт тааруулж хийсэн гэгдэх энэхүү автобус ийн анх удаа хөдөлгөөнд оролцож, нийтийн тээвэрт ашиглах бүрэн боломжтой гэдгээ харуулсан нь үндэсний үйлдвэрлэгчдийн үсрэнгүй хөгжлийн эхлэлийг тавьж чадлаа гэж дүгнэхээр байна. Үйлдвэрийн нээлт өнөөдөр өглөө 11:00 цагт болсон бөгөөд нээлтэд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, анхны автобус үйлдвэрлэгчдэд, монгол инженерүүддээ амжилт хүссэн юм. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, “Номин Холдинг” группийн зөвлөх, Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Үйлдвэрийг нээж Ерөнхийлөгч үг хэлж, томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийг зориглон эхэлсэн хамт олонд урмын үг хайрласан. Тэрбээр “Монголд автомашин үйлдвэрлэх ажлын эхлэл болж байгаа нь сайн байна. Дээрээс нь эко автобус болж, бусад тээврийн хэрэгслээс бага утаа ялгаруулж байгаа нь маш сайн байгаа юм. 

Мөн шатахуун бага зарцуулдаг гээд маш олон давуу талтай юм байна. Цаашид энэ автобус үйлчилгээнд гараад, тэр үед ямар нэгэн хүндрэл үүсэхэд Монголдоо засварлаад явах боломжтой болох ёстой. Хэрвээ ингэж чадвал энэ бүхнийг бид дэмжих ёстой. Ийм санаачилга гаргаж, бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуй нэгж, байгууллага, хувь хүнийг Монголын төр, ард түмэн бүгдээрээ дэмжих ёстой” хэмээн хэлээд алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөсөн. Түүний дараа Ерөнхийлөгч автобусны үйлдвэртэй танилцаж, хийж бүтээн байгуулалтыг нь үзсэн юм. 

“Eco Bus” ХХК өнгөрсөн жилийн наймдугаар сараас эхэлж үйлдвэрээ барьсан аж. Агуулахын зориулалтаар ашиглаж байсан байшинг үйлдвэр болгож засч, ашиглалтад оруулжээ. Энэхүү үйлдвэр сардаа жилдээ 100 гаруй автобус үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашлаад нэмэгдэх аж. 

Мөн 120 гаруй хүнийг ажлаар байраар ханган ажиллаж байгаа юм байна.  J-800T маркийн автобус нь евро-4 хөдөлгүүртэй, хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан намхан шалтай. 

Мөн вакум цонхтой, халаалтын нэмэлт системтэй, автоматаар буудал зарлагчтай, моторын яндангаас гардаг азотын давхар ислийг задлан ус болгодог катализотор нэмэлтээр суурилуулсан, байгаль орчинд ээлтэй автобус юм юм. 

Одоогоор автобусыг ногоон өнгөтэйгээр үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашлаад аж ахуй нэгжүүд захилга өгвөл загвар, өнгөө өөрчлөх боломжтой аж. Өнөөдөр анхны автобус бэлэн болж, хөдөлгөөнд оролцож, үйлдвэрийн дарга, компанийн захирлууд сүүн цацал өргөж байгаа ч хараахан худалдаж авах хүн гарч ирээгүй байгаа аж.

Гэхдээ төрийн удирдлагууд дэмжихээ илэрхийлж байгаа болохоор энэ ажил бүтэмжтэй, цаашид үргэлжлэх нь тодорхой биз. Мөн Ерөнхийлөгч автобусны үйлдвэртэй танилцаж байхад үйлдвэрийнхэн зөвхөн нийтийн тээвэрт ашиглах автобус хийхгүй, жуулчны, хот хоорондын, хүүхдийн, микро автобус хийх боломжтой гэдгээ ч хэлж байсан. 

Ерөнхийдөө үйлдвэрлэл нь нэмэгдээд явбал Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгцээ, хүрээлцээг нэмэхэд томоохон түлхэц болох учиртай.  Манай улс нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудаа гадаадаас 200 орчим мянган ам.доллараар авдаг аж. Харин эх орондоо үйлдвэрлэсэн энэхүү автобус түүнээс хамаагүй хямд өртгөөр бүтэж байгаа гэдгийг тус компанийн удирдлагууд хэлж байлаа.