Хоёр намын хувьд гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг улстөрийн тооцоо байдаг юм байгаа биз
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг
2015.12.03

Хоёр намын хувьд гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг улстөрийн тооцоо байдаг юм байгаа биз

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-Та саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойг тэмдэглэх тухайд хэлэхдээ өнөөгийн цаг нийгэмд түүхэн хүнийг өмчилж байгаа нь маш буруу үйл явц гэдгийг тун тодорхой хэлсэн. Гишүүд харьцангуй хүлээцтэйгээр хүлээж авсан. Тэр хүний үйлдлүүд нь Монгол Улсад хэрэгтэй зүйлүүд байжээ гэдгийг харуулсан гэж ойлгож болох уу? 

-Монголын түүхэн хүмүүс бол монголчуудын сор болсон зүтгэлтнүүд л байдаг. Тийм байхад аль нэг нам, эсвэл аймаг өмчлөх нь тийм ч сайн үйл биш. Яах вэ баримт талаасаа бол тэр аймагт төрсөн гэж болох л доо. Мэдээж нутаг орныхон нь хүндэтгэж буй нь сайн хэрэг. 

 Гэхдээ зөвхөн улстөрийн хүрээний гэлтгүй урлаг, спорт, нийгэм соёл, шинжлэх ухаан, олимпийн аваргууд монгол үндэстнийг оройлж, лидер нь байж чадсан, эх орныхоо өмнө том гавьяа байгуулсан хүмүүсийг аль нэг нам өмчлөх нь зохимжгүй монголчууд үе үеийн буурал түүхээ, ялангуяа 20 дугаар зууны түүхийг дурдахгүй өнгөрч болохгүй. Задарж, салж, сарниж, бутарч, бусдын эрхшээлд орж явсны дараа 20 дугаар зуунд монголчууд босч ирсэн. Том том үйл явдлуудаар монголчууд өнөөдрийн нийгэмдээ хүрэх гэж зорьж тэмүүлж ирсэн. 1924 оны үндсэн хуулиа хүндэтгэе анхдугаар үндсэн хуулиа, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиудаа хүндэтгэж харъя.

Би яагаад тэгж байгаа вэ гэвэл 20 дугаар зууны түүхийг бүтээхэд Юмжаагийн Цэдэнбал гэдэг энэ түүхэн хүн гарцаагүй яригдаж таарна. 44 жил Монголын төрийг удирдсан, жолоодсон. Монголчуудын түүхэнд Батмөнх даян хаан 47 жил төр барьсан түүхтэй. Хүн л юм чинь мэдээж цагаантай, хартай амьдарсан байж таараа, шийдвэр гаргаж байсан юм чинь оносон алдсаны дэнс байж ч таарна.Өнөөдөр Чингис хааныг бид цав цагаан гэж хардаг. Чингис хааны 100 жилийн ойг ярьж байсан бол тэнд хар, цагаан хоёулаа л байсан. 1000 жилийн дараа бол бид Их хаанаа цав цагаан гэж, яагаад гэвэл Чингис хаан бидний хувьд бурхан болчихсон.  

Яг түүн шиг монголчууд үндэстэнийхээ сор болсон зүтгэлтнүүдийг дээдэлж, хүндэлж, биширч чаддаг байх ёстой. Тиймээс монголчууд бид босч ирсэн үеийн зүтгэлтнүүдийнхээ түүхийг хүндэлдэг, ойг нь тэмдэглэдэг байх ёстой. Аливаа хүний үйл хэргийг цаасан дээр бисэнийг нь баллуурдаад, урсан ч цаг үе нь аяндаа гаргаад ирдэг. Энэ цаг үе чинь өөрөө хамгийн том шудалга шүүгч.  

-Энэ хүнтэй харьцуулахад Ардчиллын алтан хараацай гэгдэг Зориг агсны дурсгалыг хүндэтгэн монголчууд тэр дундаа АН-ынхан төрсөн өдөр болон нас барсан өдрөөр нь цэцэг өргөж, дурсдаг. Тэгэхээр тэр хүнийг ч гэсэн Монголын төр нийгмийн зүтгэлтэн гэдэг утгаар нь харах хэрэгтэй. Түүнээс АН-ын гишүүн байсан гээд тэд өмчлөх ёсгүй гэж ойлгож болох уу? 

-1990 оны ардчилсан хувьсгал хэдий 25 жилийг ардаа үдсэн боловч, одоохондоо хар нялхаараа байна. Тиймээс Зориг агсны найзууд, ардчиллын төлөө тэмцэгчид голдуу талийгаачийн төрсөн өдөр, эсвэл түүнтэй холбоотой асуудал яригдахаар хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч байгаа байдал харагддаг. Мэдээж Цэдэнбал дарга шиг цаг нь ирэхээр бүх монголчууд хүндэтгэнэ. Гэхдээ одоо ч Зоригийг энгийн иргэд ч хүндэтгэж ханддаг шүү дээ. Залуугаараа ертөнцийн мөнх бусыг үзүүлчихлээ гэж харамсдаг. Төр нийгмийн сайн зүтгэлтэн гэж үнэлдэг. Магадгүй түүний 100 насны ойг тэмдэглэх үед монголчудыг хүнд хэцүү цагт тэргүүлж, 1990 оны ардчилсан хувьсгалыг цусгүйгээр хийсэн гэх зэрэг нэр алдрыг дуудах үе тохионо.  

-Таны хэлж буйгаар Монгол Улсын нэр нүүрийг тахалж яваа хүмүүсийг болж өгвөл битгий намчирхалд автуулаач гэсэн санаа яваад байна уу даа? 

-Ер нь тийм. Гэхдээ цаг хугацаа шүүгч учраас тухайн цаг үеийн ямар нэг нам өмчлөх гээд ч чадахгүй л дээ. Улстөрд идэвхтэй оролцож байгаа хүмүүс ч гэсэн алдартнуудыг заавал манай намынх гэх зэргээр өөрсөддөө наах гэж оролдох хэрэггүй л юм. 

-Өнөөгийн нийгэмд таны хэлж буй бол эсрэгээрээ яваа. Жишээ нь “тэр аварга энэ намд элслээ” гэх зэргээр шуугьдаг шүү дээ? 

-Энэ ч яах вэ, улстөрийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг л болгочихож байгаа юм. Улстөрийн нам сонгуульд оролцохдоо олон түмний хүндэлдэг хүмүүсийг намдаа элсүүлчихвэл, дэмждэг гэчихвэл илүү нэр хүнд олно гэж боддог. Угаасаа энэ бол хаана ч байдаг асуудал л даа. Пи-ар-ын л нэг хэсэг юм. 

 -Улстөрийн намуудын тухай хуулийн төслийн талаар яригдаж байгаа энэ үед та бид хоёрын ярьж байгаа нь чухал сэдэв. Яагаад гэвэл намуудын хатуу гишүүнчлэл гэдэг асуудал сүүлийн үед маш их яригдах болсон. Үзэл бодол нийлэхгүй болоод өөр намд орчихвол урвагч, шарвагч гээд л?  

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг

-Хуучин нэг намын үед улстөрийн боловсон хүчнийг бэлтгэхэд маш том систем үйлчилдэг байсан. Үндсэндээ дээшээ гарах тусдаа тогтолцоо байсан. Харин одоо бол нэг намтай биш учраас улстөрийн намууд үүнийг гүйцэтгэж байна. Тэдгээр намууд өөрсдийн боловсон хүчний нөөцтэй болчихож байгаа юм. Бидний хувьд бүх хүнийг нам мэддэг байх нь зохимжгүй гэж үздэг. Төрийн албаны хуулиараа төрийн захиргааны мэргэшсэн албан хаагчид нь тогтвор суурьшилтай ажиллах бололцоог хуулиараа зохицуулж өгье гэдэг. Гэхдээ үүнийг тодорхой хэмжээгээр салхи оруулж байх учиртай. Тэгэхгүй бол нэг яам байлаа гэхэд хаалгаа хаачихаад түшмэдүүдийн хуйвалдааны газар болгочихож болохгүй шүү дээ.  

Улстөрийн нам УИХ, сайдын түвшний хүмүүсийг гаргаж ирэх ёстой. Ард түмнийхээ амьдралын гүн рүү орж, тэдний жаргал, зовлонг мэддэг, хуваалцдаг хүмүүс л улстөрийн хүрээнд чангарч гарч ирдэг. Улстөрчдийг харж байхад төрмөл маягийн буюу олон түмний л төлөө яваад байдаг хүмүүс ч байна. Пи-ар сайн хийгээд, мөнгө шидэж байгаад ирдэг хэсэг ч л байх шиг байна. Аль, аль нь бодит байдал учраас тэр, энэ нь муу гэж гоочлоод эсрэгцүүлээд яах вэ. Цаашдаа улстөрийн намын төлөвшил хурдан урагшилж, санхүүжилт нь ил тод байдаг болоосой гэх зэрэг бодол санаа их бий.  Уг нь нам гэдэг эвлэлдэн нэгддэг ТББ шиг мөртлөө, парламентад оронгуут төрийн хэрэг мэдэгч болчихдог.

Нэг хил хязгаарын хоёр талд зэрэг тоглодог ганц л субьект. Нэг намаасаа олноороо парламентад ороод ирвэл засгийн ажил хийнэ. Ингээд харахаар улстөрийн намыг хэдэн гишүүнтэй байгуулах, гишүүнчлэл нь хатуу байх эсэх, нам нь өмчтэй байх эсэх, өмчийг хэрхэн бий болгосон зэрэг нь асуултууд ойлгомжтой байх ёстой.  Улстөрийн намуудад оюун санааны өрсөлдөөн заавал байх ёстой. Тэгэхгүй бол өмчийн өрсөлдөөн рүү орчихно. Аж ахуйн нэгж шиг гэсэн үг. Харин ямар бодлого гаргаж чаддаг нам бэ гэдэг нь тусдаа. Мэдээж намууд оюун болон үзэл санааны өрсөлдөөнтэй, хөгжлийн хувилбаруудыг дэвшүүлж чаддаг бодлог байх хэрэгтэй. Хуулиараа энэ тал руу нь ч шахаж өгөх хэрэгтэй.  

-Эдгээр байр суурийг олохгүй байгаа болохоор намуудын нэр хүнд байхгүй болж байна гэж үү? 

-Улстөрийн намуудын рейтинг сүүлийн үед уналттай байгаа. Учрыг нь харахад үзэл санаа, оюун санааны өрсөлдөөн хийхгүй. Зөвхөн албан тушаал хуваадаг байгууллага болж хувирчихаад байгаа. Хүн бол оюун санааны талхыг байнга эрэлхийлж байдаг. Оюун санааны лидер дутаад, хөгжлийн зам мөрийг хэлдэг хүн цөөрөхөөр улстөрийн нам албан тушаал хуваадаг болж харагдаад байгаа юм. Мэдээж намууд албан тушаал хуваах ёстой. Гэхдээ энэ намыг толгойлж буй хүмүүс нь оюун санааны лидер, хөгжлийн замыг заагч, аливаа гарц, шийдлийн хувилбаруудыг хэлдэг, ард олны амьдрал, зовлон жаргалыг мэддэг байх ёстой. 

Түүнээс биш сошиал ертөнцөөр жиргэчихээд суугаад байж болох уу. Хотын захын хорооллын өрхүүд, орон нутгийн айлуудад очоод иргэд дарга нараас юу хүсдгийг мэдээд авчих хэрэгтэй. Тэгж чадахгүй байгаа учраас намуудын нэр хүнд улам бүр унаж байгаа хэрэг.  

-Энэ унаж байгаа нэр хүнд дээр нэмээд парламентад байгаа нам, эвсэл ирэх сонгуулиар зарим нь задарч, нөгөө хэсэг нь нийлнэ гэдэг асуудал яригдаж байгаа. Таны хувьд “Шударга ёс эвсэл” бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ? 

-Би дан ганц миний байр суурь гэхээсээ илүү цаг үе л нөхцөл байдлыг чиглүүлнэ гэж харж байгаа. Магадгүй зарим нь нийлж, нэгдэх үйл явц өрнөхийг үгүйсгэхгүй. Хэн нь хэнтэйгээ нийлэх нь вэ харъя. Янз бүрийн шинэ нэгдлүүд явахыг үгүйсгэхгүй. Би бол “Шударга ёс эвсэл”-ээ 2012 оны сонгуулиар ард түмнээс авсан 23.4 хувийн саналаа хадгалаасай гэж хүчдэг. Энэ бол хэн нэг хүн бичсэн зохиол биш. Ард олны сонголтын үр дүн. Ийм бүтэц анх удаагаа УИХ-д ажилласан. Цаашдаа хадгалагдаад явбал улстөрийн тогтвортой байдлын хувьд ард түмэнд хэрэгтэй юм даа гэж хардаг. Мэдээж одоо байгаа эвсэл байж болно. Үүн дээрээ нэмж эвссэн ч болно л доо. 

 -Нэмж эвсэх гэхээсээ илүү задрах магадлал байгаа юм биш үү? 

-Задлах сонирхолтой хэсэг нь их л дээ. Тиймээс задрах гэж байна, задарчихлаа гэж хэлэх нь эрт. Улстөрийн зах зээлд юу эрэлттэй байна. Түүнд л нийлүүлэлтээ тохируулах ёстой. Тиймээс сонгогчдын хүсэл сонирхолыг харж байж шийдлүүдээ гаргах ёстой.

  -Таны хэлж буйгаар улстөрийн намуудыг удирдаж буй хүмүүс оюун санааны хөтлөгч байх ёстой гэсэн. Өнөөгийн нийгэмд байгаа намуудын дарга, улстөрчид оюун санаанаас илүү Пи-Ар-ын багтай тархи угаагч нар гэж ойлгож болох уу?

 -Бүр богино зайнд гээч. Жишээ нь рекламны секунд цөөхөн байгаа шиг бүх асуудлыг богино болгочихоод байгаа. Би арга ядаад бүх улстөрчийг оюун санааны хөтлөгч гэхээс больё. Өөрийгөө улс Монголын өмнө том хариуцлага хүлээх ёстой гэж боддог хүмүүс бол заавал үзэл санааны хувьд үндэстэндээ юм хэлж чаддаг стандартыг хангасан байх ёстой. 

-“Шударга ёс эвсэл”-ийнхэн АН, МАН-ынханы маргаад байгаа “Чингис”, “Самурай” бонд, “Хөгжлийн банк”-тай холбоотой асуудлаар чимээгүй, ажигласан байр суурьнаас хандаж байна уу?

 -Мөнгө гэдэг чинь ор мөргүй алга болчихдог зүйл биш. Зам мөртэйгээ л байгаа. Тэгэхээр ажлын хэсэг нь гарчихсан, хяналт шалгалтаа хийчихсэн. Одоо албан ёсоор дүнгээ танилцуулаг. Түүнийг л харж байна. Хараагүй байж янз бүрийн зүйл ярих нь зохимжгүй. 

 -Дүгнэлт бэлэн болчихоод гарын үсэг зурах гэхээр АН-ынхан татгалаад байна гэж яриад байгаа? 

-Энэ яригдаад байгаа хоёр намын хувьд гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг улстөрийн тооцоо байдаг юм байгаа биз. Түүнийг нь би эндээс ярих зохимжгүй. Энэ асуудлаар бид тухайлан яриагүй.