Үр хүүхдүүд нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2016.03.09

Үр хүүхдүүд нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын гишүүн, С.Одонтуяа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар өнгөрөгч намрын чуулганаар нийгмийн хамгааллын чиглэлээр баталсан хуулиудын талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нь хүүхэд хамгаалах эрх зүйн орчин болоод нийгмийн хамгааллыг сайжруулах боломж бүрдэж байгаа” гэдгийг тодотгосон юм. Харин С.Эрдэнэ сайд “Монгол Улсын хэмжээнд 113 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Жил ирэхтусам олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо өсөх хандпагатай байгаа.

Тиймээс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар тэгш хөгжих боломж бүрдэнэ. Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль батлагдсан. Энэ хууль батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан урт хугацааны найдвартай баталгаатай байх суурь тавигдаж байна" хэмээн мэдэгдлээ. Тэд ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад дараахь хариултыг өгсөн юм

-Сүүлийн үед өндөр настай ахмадуудыг үр хүүхдүүд нь тэтгэврийн зээлээр барьцаалж дарамтлах, хүч хэрэглэх тохиолдол нэг биш гарч  байна. Энэ байдалд анхаарал хандуулж байна уу?

-Ахмадууд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэх хандлагатай байна. Аав ээжийнхээ тэтгэврийг олон сар жилээр авчихаад өөрсдийнхөө машин тэрэг, байр орон сууцны зээлийг дарчихдаг. Эсвэл ууж идчихээд сууж байдаг үр хүүхдүүд ч байна. Гэтэл орлогогүй болсон хөгшчүүд өлөн, зэлмэн амьдрал, хүчирхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөж байгаа тохиолдол олон бий. Тиймээс Ахмадын эрхийн тухай хуулийн төсөл боловсруулахаар бэлдэж байна. Энэ хуульд үр хүүхдүүд нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хулээх асуудлыг тусгана. Мөн тэтгэвэрийн зээлийг ямар шалтгаан нөхцөлөөр авах гэж байгааг судалж нухацтай байдлаар ханддаг тогтолцоог бий болгоно.

-Сайн дурын даатгалаа сар бүр төлөх хүндрэлтэй байна гэдэг. Учир нь, даатгалаа төлөх мөнгөтэй болоод очихоор төлөх хугацаанаасаа нэг, хоёр сараар хэтэрчихсэн байдаг. Тиймээс энэ даатгалыг нөхөж өгөх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх боломж байна уу?

-Сайн дурын даатгалыг нөхөж төлөх боломжгүй. Харин 2015 оны долдугаар сарын 1-нээс иргэн хүн сайн дураар нийгмийн даатгалаа улирал, жилээр урьдчилж төлөх боломжтой болсон. Энэ асуудал дээр иргэд өөрсдөө хариуцлагагүй ханддаг. Аливаа хуулийн хэрэгжилт дууссаны дараа янз бүрийн өргөдөл гомдол гаргадаг. Өргөдөл санал гомдол гаргасны дагуу гурван удаа сунгасан. Нэг удаа нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж олон хүүхэдтэй ээжүүд тэтгэвэрт гарах хугацааг нөхөн тооцуулах заалт оруулж өгсөн.