Ипотекийн зээлийн хүүг бүхэлд нь энэ ондоо багтааж буулгана
Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2016.03.10

Ипотекийн зээлийн хүүг бүхэлд нь энэ ондоо багтааж буулгана

Өнөөдрийн "Сайдын цаг" уулзалтад Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, ипотекийн зээлийн хүү таван хувь болон буурсан асуудал болон ипотекийн зээлийн хүрээнд бий болсон хуримтлал, түүнийг хэрхэн зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах тодруулгыг өглөө. 

- Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн мөнгөн хуримтлалын хэрхэн бүрдүүлж байгаа бэ? 

- Монголын төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх ёстой 10 гаруй их наядын төлбөр байгаа. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн. Ингэснээр 20 гаруй жилийн туршид бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр албан ёсоор мөнгө байршиж байна гэсэн үг. Энэ мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийг хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажилд зарцуулах шийдвэрийг засгийн газар гаргасан.

Ингэснээр 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг  хариуцах үүрэгтэйгээр ажиллах боломж нээгдэж байна. Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдана.

- Ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулсанаар  эдийн засагт хэмээн зарим судлаачид шүүмжилж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

- Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инфцляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж байна.  Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

- Тэтгэврийн даатгалын сангийн ашгийн тооцоолол яаж гарсан бэ?

- Одоогоор бүрдээд байгаа хуримтлал 1,8 их наяд орчим төгрөг байна. Цаашид ипотекийн зээл авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, жилдээ 250-300 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тэтгэврийн даатгалын санд бодит орлого болно. Ер нь 2030 он гэхэд Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал 8-9 их наяд орчим болно гэж тооцоолж байна.

- Нийслэлийн төвийн зургаан дүүрэг хэзээ таван хувь руу шилжих вэ?

- Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирж, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Ер нь засгийн газраасипотекийн зээлийн хүүг бүхэлд нь энэ ондоо багтааж буулгах зорилт тавин ажиллаж байна. 

- Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?

- Хүүхдийн мөнгө цаг хугацаандаа олгогдож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээр нь бүгд хэвийн олгогдож байна. Бусад халамжийн үйлчилгээ аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг юм. Тиймээс эдгээр халамжууд манай яаманд хамаардаггүй гэсэн үг. 

- Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах  боломжийн тухайд та ямар байр суурьтай байгаа бэ? 

- Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манай яаманд хамаагүй асуудал. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа л хэлбэр шүү дээ. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой.

Энэ асуудал дээр хуулийн төсөл боловсруулагдаж байгаа гэсэн үг үү? 

- Ахмадын тэтгэврийн зээлийг хуулийн хүрээнд зохицуулах зорилгоор ажлын хэсэг гарсан. Хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулах зорилт тавьж байна. Ажлын хэсгийг Ц.Оюунгэрэл гишүүн ахалж байгаа. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудал болж хувирч байгаа ч жишээ манайд бий.  Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн.Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь: машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авчихдаг. Гэтэл нөгөө хүний авч байгаа нийт мөнгөний 30-40 хувь нь хүүнд суутгагдчихдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол нэлээд эрсдэл үүсэх магадлалтай байна.    

- Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл одоогоор ямар байдалтай байна вэ?

- Нийгмийн даатгалын 5 төрлийн сан байдаг. Эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн ослын даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан гэсэн сан байдаг. Өнөөдөр огт үлдэгдэлгүй байдаг сан бол Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан юм. Ямар ч хуримтлал үүсгэх боломж байдаггүй. Яагаад гэвэл өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэний шимтгэлээр тэтгэвэр олгодог. Өөрөөр хэлбэл өнөөдөр шимтгэл төлж  буй иргэдийн шимтгэлээр тэтгэвэр тавьж байна. Нөгөө нэг хэсэг нь төсвөөс шууд тэтгэврийг нь хариуцдаг юм. Мөнгөн дүнгээр бол сардаа 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож байна. Жилээр нь авч үзвэл 1.4-1.6 их наяд төгрөгийн тэтгэвэр олгодог. Ийм байхад тус санг мөнгөн хуримтлалтай болгоно гэдэг өөрөө их хэцүү асуудал. 

Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 1.6 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Үүний зөрүүг төсвөөс олгож байгаа юм. Гэтэл иргэд тэтгэврийн даатгалын сан асар их мөнгө хуримтлагдаад, тэр нь арилжааны банкинд хадгалагдаж байдаг юм шиг ойлгоод байдаг. Энэ бол буруу ойлголт. 

- Тодруулга өгсөнд баярлалаа.